Улстөр нийгэм
ТБХ: Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашиглагдсан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсгийг зохицуулалт хийх замаар удирдах, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой гэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Өнөрболор нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санал хэллээ.

Гишүүдийн зүгээс малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үрийн нөөц болон малчдын мэдлэгийг дээшлүүлэх, мал эмнэлгийг чадавхжуулах талаар төсөлд тусгагдсан эсэхийг лавлав. Мөн өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн өндөр өртөг, санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн үр дүнд хяналт тавьсан эсэх, төсөл хэрэгжүүлэх аймгуудыг ямар шалгуураар сонгосныг илүүтэй тодруулж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Энэ төсөл нь Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумдад хэрэгжинэ. Төслийн үндсэн агуулга нь хоршооллыг дэмжихэд чиглэсэн гэдгийг тодотгохын зэрэгцээ 466 малчдын бүлэгт 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулахаар төсөлд тусгагдсан гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оноос хойш судалгаа хийж хамгийн их малын өсөлттэй аймгууд тэдгээрийн бэлчээрийн даацыг судлан сонгосон гэж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс 2022 онд 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл хэрэгжинэ. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл, тусламжийн төслүүдэд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг бөгөөд цаашлаад санхүүжүүлэгчдийн зүгээс улирал тутам хяналт тавьж, хэрэгжүүлэгч байгууллагуудтайгаа авах арга хэмжээгээ тохиролцдог гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд танилцуулгадаа тодотгоод хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах, дэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж байлаа.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, гадаадын зээл, тусламж нь үнэгүй мөнгө биш учир цаашид үр ашгийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг тодотгосон бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хөтөлбөрийн хэлэлцээрийн нэгдүгээр хэсэг буюу хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн ашиглалт, хөдөөгийн хөгжил, төрийн салбарын удирдлагад 3.4 сая ам.долларыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү салбарын төслийн санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар тэрхүү хөрөнгийг чанартай вакцинд зарцуулж, малаа эрүүлжүүлэх шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн зөвшилцөх асуудлыг дэмжсэний дараа асуудлыг нарийвчлан хэлэлцье гэсэн саналтай байлаа.
Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үзэл бодол2023/11/07
О.Оюунчимэг: Улаанбаатарт өдөртөө 10-15, шөнөдөө 18-23 хэм хүрч хүйтэрнэ
-
Улстөр нийгэм2024/06/10
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
-
Цаг үе2020/01/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
-
Цаг үе2025/11/13
Нийт нутгийн 68 хувьд цастай байна
