Улстөр нийгэм
“Эмээлт-Шинэ эко парк”-ийн дэд ажлын хэсгүүдийг байгуулав
“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар удирдан явуулав.
Тэрбээр тус Ажлын хэсгийг ахалж буй бөгөөд Ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар болон НЗДТГ, нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан юм. Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих төсөл нь Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг өсгөх, иргэдийн амьдрах таатай, эко орчин бүрдүүлэх гэхчлэн олон талын зорилго, зорилтыг багтаажээ.

Төслийн хүрээнд нэн түрүүнд Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулна. Энэ ажил арваад жилийн өмнөөс яригдаж, Дэлхийн банкны дэмжлэг түр хугацаанд засварласан хэдий ч дахин урагшлах, ажил хэрэг болгох тааламжтай цаг үе ирээд байгааг Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа. Хуралдааны үеэр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-аас “Эмээлт-Шинэ эко парк”-ийн төлөвлөлтийг танилцуулав. Энэхүү эко парк нь импортыг орлох, экспортын баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байх бөгөөд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хөцийн хоолойд баригдах юм. Нийтдээ 160 га талбайг эзэлсэн уг паркт жилдээ 8.3 сая арьс шир, 22 мянган тонн ноос, найман мянган тонн ноолуур боловсруулж, 10 мянган ажлын байр бий болгохын дээр хоногт 20 мянган тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар тооцож буй. 2014-2017 онд паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, ажлын зургуудыг хийсэн байна.
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-аас эко паркийг байгуулж, үйлдвэрүүдийг нүүлгэн байршуулахдаа анхнаас нь кластер байдлаар хөгжүүлэхэд анхаарахыг сануулсан бол Ус сувгийн удирдах газрын төлөөлөл аж үйлдвэрийн парк байгуулах ажилд мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа салбарын яам идэвх чармайлттай оролцохын чухлыг өгүүлсэн юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун “Энэхүү эко парк нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан байдаг. Өмнө нь боловсруулсан ТЭЗҮ-ийг шинэчлэх шаардлагатай гэсэн саналыг зарим хүн хэлж байна. Анх 2012 онд 250 га талбайд парк байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байсан. Дараа нь 2017 онд 160 га талбайтайгаар дахин боловсруулсан. Туршлагаас харахад ТЭЗҮ шинэчлэх шаардлага гарах бүрийд төслийн ажлыг хойш нь татаж, хугацаа алддаг. Тиймээс ТЭЗҮ болоод зураг төслийн хувьд эргэлзэх шаардлагагүй юм. Учир нь бид холбогдох яамд, төрийн бус байгууллага, үйлдвэрүүдийн саналыг авч тусгасан. Одоо гагцхүү байгууллага хоорондын уялдаа холбоо, менежмент талдаа түлхүү анхаарч, ажлаа яаравчлах нь чухал” хэмээж байлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчимд байршиж буй арьс шир боловсруулах 30 орчим үйлдвэрийн тухайд Шар хөцийн хоолой руу нүүдэллэж, бусад төрлийн хоёрдогч түүхий эдийн үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэхийг олон жилийн турш хүлээж байгаа гэж Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлж байлаа. Учир нь арьснаас гардаг өөх тос, дэл сүүл, ноос, ноолуур, сүүл, хөөвөр, захалгааны хог зэргийг боловсруулж чаддаггүйгээс арьс ширний үйлдвэрийнхэн Турк, Солонгос, Хятад, Итали, Испани зэрэг орны ижил төрлийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх боломж бүрдэхгүй байгааг мөн үеэр дурдаж байв. Түүнчлэн тэрбээр дээрх бүх зорилтын хажуугаар үйлдвэрүүд нүүснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр болно гэсэн юм.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Б.Мягмар “Бид гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх гэхчлэн олон үүргийг хүлээн ажиллаж байна. Манай байгууллага олон чухал ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.
Хуралдааны үеэр паркийн захиргааны байгууллагын оноосон нэр оновчтой эсэхийг дахин нягтлах, байгаль, цаг уурын эрсдэлт нөхцөл газар хөдлөлт, үерийн далан сувгийг тооцоолж бүтээн байгуулалтаа хийх, Дэлхийн банкнаас бусад гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэр бий болгох зэрэг саналыг гаргаж байлаа. Хуралдаанаар үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүдийг байгуулан, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Цаг үе2023/08/10
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
-
Цаг үе2023/04/11
Халхгол суманд гарсан хээрийн түймрийг хурын үүлэнд нөлөөлж унтраахаар ажиллаж б...
-
Цаг үе2023/03/15
Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн ялгаа
-
Цаг үе2021/03/12
Өнөөдөр ажиллах "Ковид-19"-ийн шинжилгээний болон дархлаажуулалтын цэг...
