Шударга мэдээ
Аж үйлдвэржилтийг сэргээх ажлын хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ
Эрдэс баялгийн салбар нь 2021 онд ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын 93 хувийг тус тус бүрдүүлж байгаа ба нэгдсэн төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулж, энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх 3 зорилт, 11 арга хэмжээг тусгасан ба энэ хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм.
Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2020/02/14
ХХЗХ-ноос телевиз, суваг, радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ
-
Шударга мэдээ2023/08/08
Үерт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зам засаж байна
-
Цаг үе2020/06/11
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурлаа
-
Цаг үе2025/09/18
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн ду...
