Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ногоон орон сууцыг стандартын дагуу барих шаардлагатайг онцоллоо

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд Төрийн орон сууцны корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хабрид хауз” компани хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан тус төслийн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчдийн санал бодлыг сонссон юм.  

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч орлогч Б.Сүхбаатар:

 -Ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлж буй энэ цаг үед дулаан болоод эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг олон улсын стандартад нийцүүлж, олон улсын стандартын шаардлагыг хангаж сертификат авч буй газар алга байна.  Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд эхэлмэгц санхүүгийн механизм ямар байдлаар явах уу, барилга барьж буй аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн орон сууц барих уу, тэднийг хэрхэн чадавхжуулах вэ гэхчлэн олон асуудал тулгарч байгаа. Энэ удаа бид “Хабрид хауз” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тус компанийн хувьд дулааныг 100 хувь хэмнэж байгаа давуу талтай. Манай төслийн нэгжийнхэн энэ компанийг олон улсын стандартыг хангаж, сертификат авах тал дээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц  төслийн санхүүгийн мэргэжилтэн Дэвид Совер:

-Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Тиймээс эрчим хүчний үр ашиг маш чухал. Орчин цагийн шинэлэг, инновацлаг технологиудыг ашиглаад, дулаан барилга барьж эхэлж буйг харахад сайхан байна. Танай улсын Засгийн газар болоод бусад байгууллага дулаан, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслийг дэмжиж байгаа нь сайн хэрэг. Цаашид илүү олон байшин баригдаад ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж байна. Тохирох санхүүгийн механизмыг олж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж гэмээн төсөл илүү өргөн дэлгэр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

“Хабрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ:

-Гэр хорооллын газарт бохир, цэвэр усны асуудлыг бие даасан байдлаар шийдээд, нарны тусгалыг шингээх байдлаар дулааныг нь шийдсэн амины орон сууцны санхүүгийн модель, технологийн шийдлийг танилцуулсан төслийг хийж байна. Дэнжийн мянгад 1000 ам метр газарт долоон айлын орон сууц барих төслийг мөн хэрэгжүүлж байгаа. Нийт талбайн 40 хувийг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхаар тооцсон. Бохир, цэвэр ус нь бүгд шийдэгдсэн ногоон орон сууцны төслийн маань иргэдэд санал болгох үнэ ханш харьцангуй хямд байгаа. Аль болох хямд төсөр байхыг хичээж байгаа ч барилгын материалын үнийн савлагаа хүндрэл учруулдаг. Төрийн орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан төсөл учир урьд нь орон сууцанд амьдарч байгаагүй гэр хорооллын айл өрхийг сонгож байгаа. Манай компани Дэнжийн мянгаас гадна Жаргалантын аманд 40 айлын орон сууц барьж байгаа гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд ногоон орон сууцны олон улсын стандартыг нэвтрүүлж, дахин төлөвлөлтөөр барьж буй барилгын чанар, стандартыг дээшлүүлэхийн чухлыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон. Мөн төвийн шугам, сүлжээ хүрч буй талбаруудад гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, ногоон орон сууцыг стандартын дагуу барьж, байгуулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа. Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт зэрэг газруудад шугам сүлжээтэй болгохын дээр ногоон орон сууцыг олон улсын стандартаар нь барьж байгуулан, орон сууцны чанар, стандартын зэрэглэлийг дээшлүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 1960 оноос өмнө барьсан орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн тул  дахин төлөвлөлтөд оруулж, шинэчлэн барьж байгаа. Гэтэл 1990-ээд онд барьсан зарим барилга ч ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн нь бий. Энэ нь барилгын чанар, стандарт муу байснаас  үүдэлтэй гэдгийг  Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар онцолж байлаа.  

Цаашид Баянхошуу, Сэлбэ, Шар хад, Толгойт бүсүүдэд ногоон байгууламжтай, автомашины зогсоол хүртээмжтэй, насжилт өндөртэй, амьдралын өртөг багатай орон сууцыг барьж байж, бага, дунд болоод өндөр орлоготой иргэд ч тийш зорих нөхцөлийг бүрдүүлэх юм. Ногоон орон сууцны бүтээн байгуулалтыг дагалдан нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг,  спорт заал, талбай зэргийг хамтад шийдэж байж үр дүн гарна хэмээн тооцоолжээ.  

Түүнчлэн орлогод нийцсэн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүсэд аж төрж буй айл өрхүүдийн дунд судалгаа хийх юм. Энэ жилийн хувьд хоёр газарт дөрвөн блок, 800 айлын орон сууцны барилгыг эхлүүлэхээр зорьж буй.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох