Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монголын говь сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал болох боломжтой

Огноо:

,

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “МАRS V” төслийн багтай уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Аялал жуулчлалын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Энхбат нарын албаны хүмүүсийн төлөөлөл оролцлоо.
 
“МАRS V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд, гүйцэтгэх захирал Г.Амгаланбаатар нар салбарын сайд, албаныханд төслийн ерөнхий мэдээлэл, өнөөгийн байдлыг танилцуулсан юм. Өнөөдрөөс гурван жилийн өмнө эхлүүлж байсан тус төслийн судалгаа, шинжилгээ, олон улстай хамтран ажиллах процесс өнөөг хүртэл тасралтгүй явагдаж байгаа аж.
 
“МАRS V” төсөл нь үндсэн гурван хэсэгтэй бөгөөд шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл юм байна.
 
Нэгдүгээрт, Maрсын сургуулилалтын академи байгуулахаар төлөвлөжээ. Технологио бэлдэж буй компаниудын хувьд дэлхийгээс тэс өөр уур амьсгалтай газарт хүн илгээнэ. Иймд тухайн орчинд дасан зохицох асуудал хамгийн чухал. Монголын говь нь Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй юм. Тиймээс ирээдүйд Ангараг гарагийг зорих хүмүүсийг дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах аж.
 
Технологи хүнээ дагаж хөгждөг учраас хүнийг хөгжүүлэх бааз байгуулахын зэрэгцээ технологи хөгжүүлэх чөлөөт бүсийг хажууд нь байгуулах шаардлагатай байгаа юм байна.
 
Хоёрдугаарт, Ангарагийн аялал жуулчлалд бэлдэж буй компаниуд хөгжүүлсэн технологио турших сансрын судалгааны чөлөөт бүсийг байгуулахаар болжээ.
 
Гуравдугаарт, дээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэх дэд бүтцийн асуудал юм. Нэг үгээр дагуул хот байгуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү 2019 оны хоёрдугаар сараас албан ёсоор эхэлсэн “МАRS V” төсөл нь үндсэн гурван хэсгийн хүрээнд Ангараг гарагийг сонирхогчдод зориулсан амьдрах чадварыг нэмэгдүүлэх олон түвшний тусгай хөтөлбөрүүд бий болгох юм.
 
Уулзалтын үеэр “МАRS V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд “Ангараг гарагийг судлах нь хүн төрөлхтний зорилт болж, дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байна. Иймд уг гарагтай хамгийн төсөөтэй газар сансрын нисгэгчийг бэлдэх шаардлагатай үүссэн. Энэ эрэлт хэрэгцээг бид дэлхийд Монголыг таниулах цоо шинэ боломж гэж харж байна. Манай дэлхий дээр байгаа 24 цөлөөс Ангараг гарагтай хамгийн төсөөтэй нь Монголын говь юм. Өмнө нь бид говийг дэд бүтэцгүй сул тал гэж хардаг байсан. Харин одоо сансар огторгуйн шинжлэх ухааны хувьд том давуу тал. Манай төсөл мөн геополитик, геофизикийн ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийд монголчуудыг таниулах түүхийн шинэ хуудас болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
Төслийн хувьд одоогоор олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм байна. Тус төслийн багийнхан “Ангараг гарагийг судлах дэлхийн хамгийн том байгууллагуудад гишүүнээр элссэн “МАRS V” төслийг дэлхийн томоохон удирдагчид болон сансар судлалын байгууллагууд хэдийнэ сонирхож, тэдний анхаарлын төвд орсон” гэлээ.
 
Мөн төслийн багийнхан Ангараг судлал түүнийг дагасан тусгай сонирхлын аялал жуулчлалаар дамжуулан аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлж, үнэ цэнээ өсгөх өргөн боломж бий. Тиймээс Марс төслийн үргэлжлүүлэхэд тулгамдаж буй асуудлууд бол чөлөөт бүс барьж байгуулах газар, үүний эрх зүйн зохицуулалт, төрийн тогтвортой байдал юм гэдгийг дурдаад дэлхий тэр чигтээ анхаарлаа хандуулж байгаа Ангараг судлалд салбар яам анхаарлаа хандуулж, бодлогоор дэмжиж ажиллахыг хүслээ.
 
Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Уул уурхайг түшиглэсэн хязгаарлагдмал баялаг, эдийн засгийн орчинтой манай улсын хувьд дараа дараачийн үедээ үлдээх хамгийн том өвийн нэг бол Марс төслийг гэж ойлгодог. Үр өгөөжийн хувьд ч өнөөдрөөр бус үе дамжигдах, дэлхийд үнэ цэнтэй, Засгийн газрын нэг сая жуулчин татах бодлоготой ч уялдаж байгаа инноваци төсөл гэж харж байгаа. Тиймээс төслийн баг хамт олныг дэмжиж ажиллана” гэдгийг онцолсон юм.
 
Мөн БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдаж буй Аялал жуулчлалыг хөгжүүлэх мэргэжлийн зөвлөлд орох саналыг төслийн багт тавив.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох