Улстөр нийгэм
УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолыг батлав
УИХ-ын чуулганы 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэж, хуулийн зохицуулалтын хүрээнд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 18, Байнгын хороодоос 19, Улсын Их Хурлын гишүүдээс 2, Монгол Улсын Засгийн газраас 26 буюу нийт 89 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа:
1.“Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг тухай бүр хэлэлцэхээр;
2.“ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр;
3.хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа онцлоод “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжлээ.
Уг тогтоолд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тусгасан байлаа.
1/ Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;
3/ Газрын багц хуулийн төсөл;
4/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/ Дампуурлын тухай хуулийн төсөл буюу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
6/ Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
7/ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/ Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай анхдагч хуулийн төсөл;
9/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/ Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
12/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
13/ Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай анхдагч хуулийн төсөл;
14/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
15/ Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
16/ Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл;
18/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
20/ Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
21/ Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
23/ Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/ Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл;
25/ Төрийн өмчийн тухай хуулийн төсөл;
26/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
27/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
28/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл;
29/ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
30/ Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
31/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төсөл;
33/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
34/ Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл;
35/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
36/ Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
37/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
38/ Тээврийн нэгдсэн хуулийн анхдагч хуулийн төсөл;
39/ “Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
40/ Улс төрийн намын тухай хуулийн төсөл
41/ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
42/ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
43/ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл;
44/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
45/ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
46/ Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
47/ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
48/ Хөгжлийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл;
49/ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
50/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
51/ Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
52/ Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
53/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
54/ Шүүхийн бус журмаар өр барагдуулах тухай анхдагч хуулийн төсөл;
55/ Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл.
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
