Цаг үе
Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” Хадгаламжийн урамшуулалт аяны гурав дахь эзэд тодорлоо
Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.
“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 – 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Одоогоор гурав дахь урамшууллын эздийг 2021.12.13-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулаад байна.
Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалья” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламжинд орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.
Хадгаламжийн урамшуулалт аяны 3 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо.
- 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Ховд аймаг салбарын Баянбүрд тооцооны төвийн харилцагч М.Тодбаяр;
- 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны Улаанбаатар хотын Зам Тээврийн Яам тооцооны төвийн харилцагч Х.Саранцэцэг;
- Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ 13-р хороолол тооцооны төвийн харилцагч Ч.Энхтуяа;
- Bluetoothчихэвчний эзнээр Төрийн банкны УБ Налайх дүүрэг салбарын харилцагч Д.Мөнхдалай;
- Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Төв аймаг Эрдэнэсант тооцооны төвийн харилцагч Ш.Ариун-Эрдэм;
- Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Төрийн банкны Өмнөговь аймаг Цогтцэций-2 тооцооны төвийн харилцагч Б.Уртнасан нар тус тус тодорлоо.
Урамшууллын эздийг 2021.12.16-ны Пүрэв гарагт тус банкны Төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ. “Мөрөөдлөө Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дөрөв дэх урамшууллын эзэд 2021.12.27-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.
Эрхэм харилцагч таныг Төрийн банкны хуримтлалтай дундаж давхаргыг дэмжих “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцож, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банкинд хадгалуулан өсгөхийн зэрэгцээ хамгийн дотны хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп хосоороо үзэх урамшуулалтай аянд хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай.
Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.



