Бидэнтэй нэгдэх

Цаг үе

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Огноо:

,

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Нэг.  Тавигдах шаардлага

1. Монгол Улсын иргэн байх, эрүүл байх

2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш       боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;

Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;

Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;

3. Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.

  • Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;
  • Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;

4. Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна.

Хоёр. Бүртгэл

Бүртгэл 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  хүртэл үргэлжилнэ.

Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайт http://www.campuschina.org –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. "БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт"-ыг (Хятад эсхүл Англи хэл дээр бөглөнө);

2. Гадаад паспортын эхний нүүр хуудас

Жич: Хүсэлт гаргагчийн гадаад паспорт  нь 2023 оны 3 дугаар сарын 1-ээс хойш хүчинтэй байх шаардлагатай. Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь шаардлага хангахгүй бол  паспортыг  заасан хугацаанд багтаан сунгуулна уу.

3. Боловсролын зэргийн гэрчилгээ (Нотариатаар баталгаажуулсан байх)

Хүсэлт гаргагч нь өөрийн сурч буй эсвэл төгссөн сургуулиас олгосон төгсөлтийн гэрчилгээ эсхүл элсэлтийн гэрчилгээг ирүүлэх ёстой;

4. Дүнгийн хуулбар

Бүх бичиг баримтыг хятад эсхүл англи хэл дээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах;

5. HSK, IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудас

  • Хятад хэл дээр суралцах бол HSK-ийн хүчинтэй оноотой байх;
  • Англи хэл дээр суралцах бол IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх;

6.Элсэлтийн материал

Магистр, докторын тэтгэлэгт хүсэлт гаргагч нь элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгөх; (Элсэлтийн материал нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах нэн тэргүүний баримт бичгийн нэг байх болно.)

7. Суралцах төлөвлөгөө

Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас багагүй, магистр болон докторын оюутнууд 800-аас багагүй үгтэй (хятад эсвэл англи хэлээр бичнэ) байх;

8. Хоёр тодорхойлох захидал

Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсхүл англи хэл дээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ;

9. Ур чадварын бүтээл

Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс "Бүтээл /бусад туслах материал"-аар дамжуулан ур чадварын бүтээл (зураг, хар зураг гэх мэт) байршуулна;

10. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх;

11. "Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас"-ыг бөглөн ирүүлэх

Жич: Эх хувийг өөртөө хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэл дээр бөглөнө). "Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан заалтыг чанд баримтлах шаардлагатай. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

12. Цагдаагийн тодорхойлолт

Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байх;

Гурав. Бичгийн шалгалт, ярилцлага

2022 оны 1 дүгээр сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тогтсон цагт бичгийн шалгалт, ярилцлагыг зохион байгуулна. Шалгалтын тухай мэдэгдлийг цаг тухайд нь мэдэгдэх тул хүсэлт  гаргахдаа холбоо барих хаягаа үнэн зөв бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Дөрөв.  Нэн тэргүүнд тавигдах элсэлтийн мэргэжлийн тухай

Тэтгэлэгт хамрагдах элсэгчдийн сурлагын чанарыг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцуулах болно. Холбогдох мэргэжлийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү.

Хавсралтад:

1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар /Энд дарж үзнэ үү/

2. Нэн тэргүүнд элсүүлэх мэргэжлүүдийн жагсаалт /Энд дарж үзнэ үү/

3. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Энд дарж үзнэ үү/           

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох