Шударга мэдээ
Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн уртасгасан цагийн автобусыг Улаанбаатар хотын хөндлөн болон босоо тэнхлэгийн дөрвөн чиглэлд явуулж заншжээ. Тодруулбал, Ч:69 Зунжин 7 буудал-Ард кино театр-ТЭЦ-3 чиглэлд, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кино театр чиглэлд, Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник чиглэлд, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв чиглэлд автобус уртасгасан цагаар нийтэд үйлчилж байна. Эдгээр чиглэлд 05:00-00:30 цаг хүртэл зорчигч тээвэрлэдэг. Үүнээс гадна сургуулийн 28 автобусаар сурагчдыг сургууль болон гэрт нь хүргэж байна.
Түгжрэл ихтэй, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх нь бий. Ийм тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэх зорилгоор богино эргэлтийн автобусыг санаачилсан байна.
Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гарган зохицуулж байна. Өнөө өглөөний хувьд 21 чиглэлд 30 автобусыг богино эргэлтэд гаргаж нийтэд үйлчилсэн бол оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг нэмэлтээр гаргах аж. Богино эргэлтийн автобус гаргаж буйтай холбоотойгоор авто тээврийн хяналтын байцаагч нар хяналт тавьж, ачааллын мэдээллийг солилцон тухай бүрд зохицуулалт хийж буй юм.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2023/09/04
АТГ: “Шударга байдлын үнэлгээ”-нд одоогоор 9124 хүнийг хамруулаад ба...
-
Цаг үе2026/07/23
Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэ...
-
Урлаг спорт2023/05/26
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
-
Улстөр нийгэм2019/07/02
УИХ-ын ажлын хэсгүүдийн хуралдаан болно
