Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2021 оны 11 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Цаг үе
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
Цаг үе
Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын эрдэмтэн, профессоруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.
Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Цаг үе
Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд НЗД-ын орлогч А.Амартүвшин уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын хувьд танай улсын нийслэл Ханой хоттой 1980-аад оноос эхлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Нийслэл хотуудын энэхүү харилцаа өнөөдөр орон нутгийн түвшний хамтын ажиллагаагаар улам бүр баяжиж байгаад баяртай байгаа илэрхийлье.
Цаашид Улаанбаатар хот болон Нинь Бинь мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн орчин, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.
БНСВУ-ын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат “Манай муж нь 2030 он гэхэд хотын статустай болохоор зорьж буй. Үүнтэй холбоотойгоор бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
Цаашид дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дижитал шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэл, суурьшлын бүсийн оновчтой төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцон, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.
Ташрамд, Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ онд тохиож байна.
-
Улстөр нийгэм2021/07/01
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн цомын тэмцээнд оролцох шатарчдыг хүлээн авч у...
-
Улстөр нийгэм2025/07/04
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2021/06/16
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана
-
Шударга мэдээ2022/10/11
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
