Шударга мэдээ
БШУЯ: Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс төлбөр, хураамж авдаггүй...
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд,
"Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар тусгагдсан байдаг болно.
2022-2023 оны хичээлийн жилд гадаадад оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээлэл, цахим орчинд “гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө” гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдол гарч байна.
Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдтэй адил хийгдсээр байна. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна.
Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадад суралцуулах чиглэлээр зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл мөн гарч байсан. Тус яамнаас дээрх үйл ажиллагаатай холбогдуулан зуучлалын эрхийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгоогүй бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс аливаа төлбөр, хураамж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна." гэжээ.Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2019/10/07
“Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сэдэвт сургалт болно
-
Цаг үе2022/05/09
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Шударга мэдээ2021/04/30
ӨМӨЗО манай улсын хил залгаа аймгуудад тусламж үзүүлэв
-
Шударга мэдээ2021/06/24
“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгж...
