Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Ажлын хэсгийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал, дэд ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн  бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс ажиллажээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн бүтцийн талаар” танилцууллаа.

Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) чухал үүрэгтэй бөгөөд дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Албан ёсны бүртгэлтэй ЖДҮ нь хөгжиж буй орнуудын ДНБ-ий 40 хувийг бүрдүүлдэг.

Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд арван ажлын байр тутмын долоог ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Дэлхийн банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд улс орнууд ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзжээ.

Үндэсний статистикийн хорооны 2020 оны урьдчилсан дүнгээр Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар бүртгэлтэй 190.830 аж ахуйн нэгжээс 94.492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 67 хувь буюу 64.252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52.5 хувь буюу 614.346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, ДНБ-ий 17.8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2.4 хувийг үйлдвэрлэж байна. Ажиллагсдын тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 93.1 хувь нь 1-9 хүртэл, 6.3 хувь нь 10-49 хүртэл, 0.6 хувь нь 50-199 хүртэл ажиллагсадтай байна.

Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албатай нэгтгэн зохион байгуулалтад оруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Орон нутгийн хувьд аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газарт жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн ажиллаж байна. Мөн орон нутгийн эх үүсвэрээр байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, бизнес инкубатор төв, “Орон нутагт үйлдвэрлэв“ төвүүд ЖДҮГ-т шууд харьяалалгүй, нэгдсэн удирдлага зохицуулалтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийн асуудал нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтгүй байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрийн бодлогын шинэчлэл хийх хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраас дэлхийн 30 гаруй орны туршлагыг судалжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг гол асуудлын нэг нь санхүүжилтийн хүртээмж юм. Том корпорацуудтай харьцуулахад ЖДҮ эрхлэгч банкнаас зээл авах магадлал бага байдаг тул санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нээх шинэлэг шийдлүүдийг олох шаардлага байгааг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан  танилцуулгадаа дурдав.

Сүүлийн жилүүдэд олон улс орон ЖДҮ-ийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, бизнесийн мөчлөгийн үе шат бүрт нийцсэн санхүүгийн хэрэгслүүдийг санал болгох зэргээр ЖДҮ-ийн уламжлалт банкны зээлээс хэт хамааралтай байдлыг бууруулахад анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, Украйн, Швейцар, Мексик, Чили зэрэг 39 улсад ЖДҮ-г дэмжих тусгай банк байдаг бол Солонгос, Япон, Турк, Франц, Казахстан, Канад, Герман, Хятад, Камбож зэгэр 40 гаруй улсад ЖДҮ-ийн сан ажилладаг байна. Мөн олон оронд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрүүд нь ЖДҮ-ийн санхүүжилтийн бодлогын хоёр дахь нийтлэг хандлага болжээ.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын хийсэн судалгаанаас үзвэл дийлэнх улс орнуудын ЖДҮ эрхлэгчид арилжааны банк, хувийн санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаас гадна Засгийн газрын бодлогод суурилсан тусгай сангуудаас зээл авдаг байна. Түүнчлэн төрийн өмчит санхүүгийн байгууллагад олон улсын банк санхүүгийн байгууллага, хамтын ажиллагааны байгууллагаас хямд өртөгтэй, урт хугацаатай эх үүсвэр татан төвлөрүүлэх боломж илүү их байдаг.

Иймд Монгол Улсын хувьд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бүтцийг оновчтой болгон орон нутагт хэрэгжүүлэгч бүтцийг бий болгох, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих төр-хувийн хэвшил, олон улсын донор байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий санхүүжилтийн корпорац байгуулах, ЖДҮ-ийн холбоотой бүх үйлчилгээг нэгтгэх хэрэгтэйг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэллээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг нээх, шинэ технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал томоохон төслүүдийг дагаж ямар жижиг дунд үйлдвэр хөгжих вэ гэдгийг тухайлан ярьж тодорхойлолтыг гаргах, дэмжлэгийг нь татгалзалгүй өгдөг байх санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт хариуцан бүтцийг тодорхой болгох, зээл олгохдоо дотооддоо хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэлд түлхүү хөрөнгө оруулалт хийх оновчтой шийдлийг гаргах талаар саналаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилтийн бүтцийг дахин нарийвчлан судлах хэрэгтэй гэлээ. 

Ингээд гишүүдээс гаргасан саналуудыг судалж, дахин ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэнээр Дэд хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох