Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав.

Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн  хамтарсан санхүүжилт юм гэлээ.

Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Баделхан зээлийн хэлэлцээрийн төслийн эх үүсвэрийн нөхцөлийн талаар, УИХ-ын гишүүн Д.Ганбат зээлийн төслийн зарцуулалт, зориулалт, вакцины хадгалалт, тээвэрлэлт, үр дүн, чанарын талаар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан КОВИД-19-ийн цар тахлын вакцины нийт зарцуулалт, хэдэн хувийг зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн, мөн зээлийн хэлэлцээрийн төслийн зарцуулалт, вакцины чанар, аюулгүй байдлын талаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хүүгийн талаар, вакцины үнэ, цаашид авах вакцины хэмжээ, төрлийн талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бага хүүтэй, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл авах хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Засгийн газрын өрийн тааз зээл авах бололцоотой байгаа, Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсэд шинжилгээ авахад ашиглаж байгаа оношлуур, техник, төхөөрөмжийг бусад боомтод ашиглаж байгаа оношлууртай ижил болгох, авч байгаа шинжилгээний хариу үнэн, зөв гарч байгаад хяналт тавих, баталгаажуулах, мэдээ, мэдээллээр хангахад анхаарах, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй, бага хүүтэй, урт хугацаатай зээл авч байгаад талархал илэрхийлээд хэлэлцээрийн төсөлд тусгасан заалтуудыг эргэн нягтлах, зээлийн зориулалт, зарцуулалт, боомтууд дээр ашиглаж байгаа техник, тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, төсөлд тусгасан тээвэрлэлтийн нөхцөл дээр анхаарах, УИХ-ын гишүүн Н.Энхболд зээлийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, вакцины талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөв ойлгуулахад анхаарах, Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын эсрэг эм гарч байгааг эртнээс судлах, эмийг захиалахад анхаарах, вакцин хийж эхэлснээс хойших бүх зарцуулалтын тайлангаа тавих, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүл мэндийн яам вакцины бодлогоо тодорхой болгох, эмийн худалдан авалтыг эмийн компаниудад олгохгүйгээр төр өөрөө худалдан авалт хийдэг байх, УИХ-ын гишүүн Д.Ганбат КОВИД-ийн хуулийн хэрэгжилт, өмнө авсан зээлийн зарцуулалтын тайланг нээлттэй сонсох гэсэн саналыг тус тус гаргасан хэмээн танилцуулав. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэ банкнаас өмнө нь зээл авч байсан эсэхийг лавлаад зээлийн хэрэгжилтийн талаар тодруулсан. Мөн ковидын өвчлөлтэй холбоотой АХБ-наас зээл авч байсан. Ковидтой холбоотой олон улсын байгууллагуудаас авсан зээлийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхийг хүссэн.

Сангийн сайд Б.Жавхлан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хувьцааг Монгол Улс эзэмшдэг гээд тус банктай олон төсөл, хөтөлбөр дээр судалгааны түвшинд хамтран ажиллаж байгаа, цаашид хамтын ажиллагаа өргөжинө гэж бодож байна гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АХБ-наас авсан зээлийн санхүүжилтээр ковидын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах чиглэлээр 21 аймаг, есөн дүүрэгт эмнэлгийн багаж хэрэгсэл худалдан авсан, эмнэлгүүд ашиглаж байгаа. Вакцины иж бүрэн агуулах ашиглалтад оруулсан, эм эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орно. Шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч байгаа. Зээлийн хэрэгжилт сайн явж байгаа гэсэн хариулт өгсөн.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Одоо ямар хэмжээний вакцин авахаар төлөвлөж байгаа, үүнд хэдэн төгрөг зарцуулах вэ. Ямар вакцин худалдан авахыг хэн шийддэг юм бэ гэсэн асуулт тавьсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, вакцины төлөвлөлтийг ЭМЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргадаг хэмээн хариулав. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах бөгөөд төлөвлөлтийг Засгийн газраас батлуулж, төлөвлөлтийн дагуу вакцинаа татаад явж байгаа гэлээ. Нөөцөд 1 сая 700 мянган тун файзер вакцин, 890 мянган тун веросел вакциныг агуулахад хадгалж байгаа. Цаашид гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй хийхээр төлөвлөөд явж байна гэсэн мэдээллийг өгсөн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Т.Аюурсайхан, Ц.Туваан, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох