Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан
“Тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав.
Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас зарим бодлогыг танилцууллаа.
Тэрбээр,
-Манай Засгийн газар Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн цар тахлыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо бий болгох, шударга ёс, цахим засаглалыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлэн, шинэ сэргэлтийн бодлого тодорхойлон ажиллаж байна. Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсөвт тусгасан. Жишээлбэл, ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бүрдүүлэх юм. Тиймээс хадгаламжтай ирээдүйн иргэдийг бий болгох тогтолцоог бүрдүүлэх үүднээс байгалийн баялгийн үр өгөөжийг бэлэн мөнгөөр халамж хэлбэрээр тараахаас татгалзаж, 0-18 насны иргэдийн нэрийн дансанд бодитоор, мөнгөн хэлбэрээр байршуулах тогтолцооны шинэчлэлд шилжин орох болно.

Хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилтыг хангах хүрээнд иргэн бүхэн жилд нэг удаа урьдчилсан оношилгоонд хамрагддаг байх тогтолцооны шинэчлэлийг мөн ирэх жил эхлүүлнэ.
Чанартай боловсролыг хангах хүрээнд боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Үүнд цахим боловсрол болон үр дүнд, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг тусгасан. Мөн энэ хичээлийн жилээс Засгийн газар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо. Нэг хүүхдийн авах илчлэгийн хэмжээ нэмэгдэж, цаашдаа боловсролын чанарт ахиц гарна гэж харж байна.
Инноваци болон дэд бүтцийг нэмэгдүүлэх, ээлтэй хот, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ч бас онцгойлон анхаарч ажиллаж байна.
Эдгээр бодлогын зорилго, зорилт, арга хэмжээ бүр манай улсын хөгжил, дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл хэрэг билээ гэв.
Тогтвортой хөгжлийн зорилгын мэдлэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоог Монгол Улсын Ерөнхий сайд онцлов.
“Манай үндэсний томоохон компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилгоос тусгаж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаар зөв хандлага тогтоон, байгальд ээлтэй, ногоон төсөл, хөтөлбөрт анхаарах хандлага эрчимжиж байна.

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх сэдвээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын цуврал уулзалтыг амжилттай зохион байгуулсаар байна. Эдгээр уулзалтын хүрээнд цар тахлын үед төр хувийн хэвшил, иргэний нийгэм, хөрөнгө оруулагчид хамтдаа эдийн засгийг эрчимжүүлэх гарцыг эрэлхийлж, шинэ сэргэлтийн бодлогыг хамтдаа боловсруулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Засгийн газраас талархан дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Тухайн улс орон тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна. Монгол Улс өнгөрсөн хугацаанд олж авсан ололт амжилтаа ирээдүйд улам ахиулахын тулд хичээл, зүтгэл гарган ажиллах болно. Тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.



Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
