Шударга мэдээ
Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь Десбаш Чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллахаар ярилцлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.
Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Туркийн Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулсан билээ.
Энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чөлөөт бүсийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан Турк Улсын туршлагаас суралцах, цаашлаад Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх Туркийн жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан менежментийн загвараас судлах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудад үзүүлж буй татварын хөнгөлөлт, үйлчилгээний үнэ тариф зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тус чөлөөт бүсийн Ерөнхий захирал Хакан Жейлантай ярилцаж, илэн далангүй санал солилцов.

Мөн Туркийн Худалдааны яамны Чөлөөт бүсийн газрын захирал Али Баярактар уулзалтад оролцож, төрөөс чөлөөт бүсийн чиглэлээр баримталж буй бодлого, ААН-үүдэд олгодог тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар товч мэдээлэл өгөв.
Турк Улсад өдгөө 18 чөлөөт бүс байдгаас Истанбул хотыг түшиглэн байгуулсан 3 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг юм.
Десбаш чөлөөт бүсийг 1993-1995 онд байгуулж, улмаар 1995 оноос хойш тогмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2008 оноос менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн, өдгөө тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй 300 орчим компани, аж ахуйн нэгжүүд 6000 орчим ажлын байрыг бий болгож, жилдээ 2-3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа, бараа үйлчилгээ тус чөлөөт бүсэд эргэлддэг байна.
Шадар сайдын ажлын алба
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Шударга мэдээ2020/09/24
Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 189,5 мянга орчим айл өрх хамрагдана
-
Улстөр нийгэм2025/10/07
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч э...
-
Цаг үе2024/01/03
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа болно
-
Цаг үе2023/04/07
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
