Шударга мэдээ
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас КОВИД-19 халдварын түргэвчилсэн оношлуур хүлээлгэн өглөө
Бүгд найрамдах Солонгос улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын SD Biosensor үйлдвэрлэгчийн 300,000 ам.долларын үнэ бүхий 2,850 ширхэг багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн ононшлуурыг хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Оношлуурыг хүлээн авах үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон салбарынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Тэрбээр хүн амын дунд коронавирусийн тархалт тууштай буурахгүй байгаа нөхцөлд БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн КОВИД-19 халдварын эсрэгтөрөгчийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой болохыг онцлоод эдгээр оношлуур халдварыг богино хугацаанд илрүүлэхэд нь туслах болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн санаачилсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг”-ийн хүрээнд олгосон тусламж нь дээрх санаачлагын хүрээний цаашдын хамтын ажиллагааны эхлэл болж байгааг тэмдэглэв.

Шударга мэдээ
Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэл Улаанбаатар хот нь уулсаар хүрээлэгдсэн газарзүйн онцлогтой тул богино хугацаанд орсон ширүүн аадар борооны улмаас уулын ам, гуу жалга дагуу уруйн үер буух өндөр эрсдэлтэй байдаг. Ийм төрлийн үер нь ихэвчлэн ердөө 20-30 минутын дотор үүсэж, хүчтэй урсан өнгөрдөг бөгөөд урсгалын хүч нь хүн төдийгүй автомашин, гэр сууц, чанар муутай барилга байгууламжийг ч эвдэн сүйтгэх аюултай.
Иймд иргэд:
- Цаг агаарын урьдчилсан мэдээ, онцгой байдлын сэрэмжлүүлгийг тогтмол хянах
- Аадар бороо орох үед уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
- Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах
- Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тусгай зориулалтын өндөр даралтын усны болон сорох төхөөрөмж бүхий машин механизмуудыг ашиглан шугам хоолойг угааж, буудуулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Ингэснээр борооны усны урсцыг чөлөөтэй нэвтрүүлэх, ус тогтох эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Геодези, Усны Барилга Байгууламжийн газар
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
