Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө бараалхав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах бодлогыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэллээ.

Ноён Вэй Фөнхө, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. Тэрбээр, Төрийн тэргүүн Си Зиньпиний зөвшөөрлөөр цар тахлын үед энэхүү айлчлалыг хийж буйгаа дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсоныг ажил хэрэг болгон БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөлд болж байгаа энэхүү айлчлал нь хоёр талын онцгой харилцааны илэрхийлэл хэмээн үзэж буйгаа  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэмдэглэн хэллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярьж, хоёр улсын харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэх, гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, БНХАУ-ын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж байлаа. Төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж буйг Улсын Их Хурлын дарга дурдсан.

Төрийн тэргүүн нар түүнчлэн хоёр талын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмын хүрээнд явуулж ирсэн ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжүүлэхийн төлөө байгаагаа нотолсныг тэрбээр мөн тэмдэглэн хэллээ.

Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг ноён Вэй Фөнхө онцлоод “Манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш улсын хувиар Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө хэмээн найдаж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа нь эдийн засгийн харилцан ашигтай, үр нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцааг өндрөөр үнэлж буйд гүн талархал илэрхийлье” гэлээ. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэг найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв.

Батлан хамгаалын салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхтэй шууд холбоотой байдгийг мөн онцлон дурдав.

Монгол Улсын “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс үнэтэй дэмжлэг үзүүлж,  эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж үзүүлсэн, түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг богино хугацаанд вакцинд хамруулсан нь “Ковид-19”-ийн тархалт, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Г.Занданшатар дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч, хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:

  • Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
  • Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
  • Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
  • Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
  • Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
  • Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.

Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.

Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох