Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад том төслүүдээ урагшлуулах ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өглөө.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) хэрэгжиж буй бөгөөд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон Технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр,  засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулна. Уг бүтээн байгуулалтын дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина. 

 “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. 550 айлын уг хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилгаас бүрдэх ажээ. 

Одоогоор орон сууцны барилгын ажил 85 хувьтай байна. Өнгөрөгч зургадугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшилжээ.

Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн хот болон хөгжинө  гэж  гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

-Монгол Улсын түүхэнд үлдэх том бүтээн байгуулалтад гар бие оролцон, хүчин зүтгэж байгаа та бүхэнд Засгаас газраас талархаж буйгаа илэрхийлж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тулсан амаргүй нөхцөлд байна. Энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бүтээн байгуулалтыг урагшлуулж байгаа нь чухал хэдий ч та бүхний эрүүл мэнд юу юунаас чухал гэдгийг мартаж болохгүй гээд тэдний ажилд амжилт хүслээ.

Үүний дараагаар Ерөнхий сайд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариуллаа.

Замын-Үүд боомтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 хоногийн үүрэг өглөө. Энэ хугацаанд байдал дээрдэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. Үүнд илүү тодорхой хариултыг сэтгүүлчид тодрууллаа.

-       Цар тахлаас үүдээд Замын-Үүд, Гашуун сухайт боомт дээр хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбоотой өмнө нь ажлын хоёр хэсэг гарч ажилласан. Үр дүнг нь үзэх гэж Замын-Үүд боомтод ажиллаж байгаа нь энэ. Монголын талд Хятадын талаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг богино хугацаанд биелүүлэх нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөлийг сайжруулах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томиллоо. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг томилж ажиллахаар боллоо. Үр дүн нь наана гарна гэж итгэж байгаа ч 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Хоёр талд байгаа хилийн хяналтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барьж Улаанбаатараас ирэх ачаа барааны халдваргүйтлийг хийх, ээлжийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал, вакцинжуулах зэрэг зайлшгүй хийх ажил байгаа. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.

Юун дээр алдаа гарсан гэж харж байна. УОК-ийн дарга сар орчмын өмнө ирж, хил нэвтрэх машины тоог 50 орчмоор нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл одоо ч байдал хэвээрээ л байна?

-       Гол зүйл цар тахалтай л холбоотой. Барааны гадаргуугаас үүдсэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан. Лабораторийн шинжилгээ хийсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай ярьж байгаа. Ачаа барааны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой.

Ачаа тээврийн үнийн хөөрөгдөл бий болоод байна. Энэ асуудлаар АТГ-д хандсан гэж байсан. Энэ талаар тодруулъя?

-       200-250 машин өдөрт хилээр гардаг байсан боомт өнөөдөр 100 машин гээд хязгаарлалт тавьчихаар бөөгнөрөл үүсэж, эрэлт нийлүүлэлт зөрж үнэ өсөж байна. Дээрээс нь нугалаа үүсгэж байж магадгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад мэдээлэл өгөөд явж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр Замын-Үүдэд ажиллалаа.

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил  нэг жилээр хоцорлоо гэдгийг удирдлагууд нь ярьж байна. Та ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?

-       Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид одоо ковидтой дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна.  Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох