Улстөр нийгэм
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа
Монгол УИХ-ын эмэгтэй гишүүд энэ сарын эхний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газар болон Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдлээ.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаар 180 гаруй сая хүн халдварлаж, 3.9 сая хүн амь насаа алдаад байгаа тоон мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв. Өнөөдрийн байдлаар манай улсын 117.963 хүн коронавирусний халдвар авч 79.602 хүн эмчлэгдсэн бол нас барсан хүний тоо 578 хүрсэн байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед УИХ-ын эмэгтэй гишүүд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрээ хойшлуулах саналыг Засгийн газар, Улсын онцгой комисст хүргүүлснээ мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын эмэгтэй гишүүдийн энэхүү саналыг хүлээн авч, судалж, шийдвэрлэх хариу өгсөн байна.
Түүнчлэн коронавирусний халдварын эсрэг сан байгуулах санаачилга гаргаснаа зарлаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мэдээлэл өгөв. Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л боломжоо дайчлан тэмцэж байгааг тэрбээр тэмдэглээд “Харамсалтай нь коронавирусний халдварын улмаас олон хүн амь насаа алдлаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэв. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам нь Монгол Улсын хувьд түүхэн ой, чухал арга хэмжээ хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн иргэд тодорхой асуудлуудыг хөндөж байгааг Х.Булгантуяа гишүүн дурдав.

Нэн тэргүүнд вакцинд хамрагдаагүй унаач хүүхдүүдийн халдварт өртөх эрсдлийг хөндөж, цаашлаад иргэд, аж ахуйн нэгжүүд бизнесээ ч явуулж чадахгүй байхад Үндэсний их баяр наадмыг хийх нь зөв эсэх асуудлыг тавьж байгаа гэв. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдүүдийн амь насыг эрсдэлд учруулахгүй байх, улмаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын шинэ нөхцөлд бэлтгэлтэй байх шаардлагын үүднээс Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахаар холбогдох байгууллагуудад хүргүүлсэн саналыг нааштай шийднэ гэдэгт найдаж байгаагаа хэллээ.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадам нь монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлт арга хэмжээ хэдий ч дараах гурван зарчмын хүрээнд хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл өгөв. Тодруулбал, иргэд дэглэмээ бариад, аж ахуйн нэгжүүд хууль журмаа биелүүлж байхад төр засаг хүн амыг олноор нь цуглуулах эрсдэлтэй үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна. Улсын Их Хурлаас баталсан Хүүхэд хамгааллын хууль дахь “хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд оруулахгүй байх, амь нас нь аюулд өртөх тэмцээн уралдаанд оруулахгүй байх, даатгалгүй уралдуулж болохгүй” гэсэн заалтууд зөрчигдөх нөхцөл үүсэх эрсдлийг төр засгийн бүх түвшинд анхаарч үзэх ёстой гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Санхүү, эдийн засаг, хүний нөөц зэрэг бүхий л бололцоогоо КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх, даван туулахад зарцуулах шаардлагатай үе ирсэн учраас хамтдаа хүчин чармайлтаа нэгтгээд наадмыг хойшлуулах хэрэгтэй. Цар тахлын халдвар дарагдсан үед наадмаа сайхан хийж болно гэсэн байр суурьтай байна” гэлээ.
Коронавирусний халдварын улмаас эцэг, эх нь амь насаа алдаж өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь халамжлах тусгай сан байгуулах санаачилга гарган ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээллээ. 2021 онд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулах зорилгоор Хүүхдийн төлөө санг байгуулсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулан тус сангийн үйл ажиллагаа, зориулалтыг өөрчлөх, коронавирусийн халдварын улмаас өнчирсөн хүүхдүүдэд насанд хүртэл нь дэмжлэг үзүүлэх, эм, эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа зорилтот бүлэгт халамж үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Энэ зорилгоор УИХ-ын эмэгтэй гишүүд сарын цалингаа энэ төрлийн үйл ажиллагаанд хандивлаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдээ хүмүүнлэгийн энэхүү үйлсэд нэгдэх уриалгыг гаргалаа.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн саналыг Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж байгаа бол Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа шийднэ хэмээн найдаж буйгаа М.Оюунчимэг гишүүн хэлсэн. Мөн коронавирусний халдварын улмаас амь насаа алдагсдад эмгэнэл илэрхийлж, зул өргөх арга хэмжээ зохион байгуулна гэлээ. Мөн цар тахлын эсрэг тэмцэх чиглэлээр Улсын Их Хурлаас гаргаж буй шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Коронавирусний халдвар нь бүх улс орнуудад тулгамдаад буй шинэ хүндрэл тул улс орнууд дотооддоо эв нэгдэлтэй, гадаад хамтын ажиллагааны дэмжлэгээр даван туулна гэдгийг тэмдэглэн, эл уриалгыг нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд УИХ-ын эмэгтэй гишүүд сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл өгсөн юм.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






