Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг үзэглэлээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал болон хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

  1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,
  2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
  3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
  4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”-д БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
  5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”-д Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
  6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-нд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
  7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
  8. “Монгол Шуудан ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
  9. “Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
  10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээр”-т “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.

Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.

Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Нөөцийн мах бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэлх бүх шатны хяналт сул байсныг Засгийн газрын хуралдаанаар онцолсон байна. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Гэвч хаврын улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 720 тонн махыг нийлүүлээгүй байна. Мөн 3203 тонн махыг цахим төлбөрийн баримттай борлуулсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ.

Иймд нөөцийн махны бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулах Засгийн газрын тогтоол баталсан байна.

Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг Сангийн яам наймдугаар сард багтаан бэлэн болгоно. Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, бүртгэлийг ил тод болгох юм.

2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар худалдаанд гаргах нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваг онцгойлон анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Мөн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэж үзжээ.

Иргэд агуулах, үйлдвэрээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид борлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох