Улстөр нийгэм
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахыг дэмжлээ
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Нэгдсэн хуралдаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.
Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан. Гэвч уг хууль нь өнөөгийн нийслэл хотын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагыг хангахгүй байгаа тул Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна. Энэ бүхэн нь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах гол үндэслэл болсныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.
Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, УИХ-ын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан талаар хуульч санаачлагч дурдлаа.
Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй юм. Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэжээ. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.
Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна. Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.
Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгасны зэрэгцээ нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.
Түүнчлэн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ.
Нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.
Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар төсөлд тусгажээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Х.Ганхуяг, С.Чинзориг, С.Одонтуяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батжаргал, Т.Доржханд, Б.Саранчимэг нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нийслэлийн дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг Улсын Их Хурлаас байгуулахаар төсөлд тусгасан байгаа. Нийслэлийн Засаг даргыг хэрхэн томилох асуудал нь Үндсэн хуульд заагдсан асуудал. Засаг даргыг тухайн шатны иргэдийн Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилохоор заасан байдаг. Тиймээс нийслэлийн Засаг даргыг хотын иргэд сонгох боломжгүй юм. Энэ нь уг мөн чанараараа нэгдмэл улс байх хуулийн заалтаас урган гарч байгаа асуудал гэдгийг тодотгов.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэл Улаанбаатар хотыг орчин шалгуур, шаардлагад нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амар тайван байдлыг хангасан том хот болгож хөгжүүлэх эрх зүйн шинэ боломжийг энэ хуулиар тогтоож өгөхөд хуулийн гол зорилт чиглэж байгаа. Олон улсын нийтлэг жишгээр дагуул хотод эдийн засгийн тусгай бүсийг мэдээлэл технологи, инновацийн, аялал жуулчлал, соёл амралтын, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн завсар үйлчилгээ, угсралтын, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнаж болон хослуулан байгуулж болохоор төсөлд тусгасан. Эдийн засгийн тусгай бүсийг байгуулах болон тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасныг дурдаж байв.
Түүнчлэн төсөлд нийслэл нь таваас илүүгүй тусгай бүстэй байх, тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэхээр тусгасан. Мөн нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг бий болгохоор тусгасан гэдгийг хэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва нар гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.
Харин хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Чинбүрэн нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын хэсэг гарган хэлэлцүүлгийн шатанд төслийг нухацтай хэлэлцэж улам чамбайруулах шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Улстөр нийгэм2021/04/28
ЗГ: Улсын хэмжээнд 262 466 хүн вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байна
-
Цаг үе2021/03/23
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Шударга мэдээ2025/03/27
Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио 16:00 цагт дуугарна
-
Цаг үе2020/12/14
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
