Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БСШУСБХ: Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны  2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолоор Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн  Г.Мөнхцэцэг ахлан, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ч.Ундрам нар ажилласан болохыг Байнгын хорооны дарга Г.Дамдинням хуралдааны эхэнд танилцуулав. 

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд  шилжүүлсэн.

Ажлын хэсэг 3 удаа, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг 9 удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэхэд УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, түүнчлэн иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг нэг бүрчлэн судалж, саналын томъёоллыг дараах байдлаар бэлтгэсэн. Үүнд:

  1. Хуулийн төслийн зорилтод тусгагдсан бодлогын асуудлыг зүйл болгон шинээр нэмж тусгалаа.
  2. Соёлын үйл ажиллагаа эрхлэх, уг үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо, үйл хэрэгт тулгуурласан байхаар тусгасан. Түүнчлэн Монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өглөө.
  3. Соёл судлалын болон соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлж, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний асуудлыг зохицуулах талаар шинээр зүйл нэмлээ.
  4. Соёлын үйл ажиллагаан дахь иргэн, соёлын ажилтны эрх, үүрэг, аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн оролцоог тухайлан зааж, Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төлөөллийг оролцуулсан зөвлөлтэй байж болох, зөвлөл хэрхэн ажиллах талаар тусгалаа.
  5. Соёлын салбарын түншлэл, хамтын ажиллагаа гэсэн бүлэг шинээр нэмж, Соёлын салбар дахь түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байх ба оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэхээр тусгалаа.
  6. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, монголын соёлыг танин мэдэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох заалтыг төсөлд тусгалаа.
  7. Нийгмийн харилцаанд эерэг нөлөө үзүүлэх соёлын илэрхийллийг таниулах соёлын аялал жуулчлалын бүрэлдэхүүн хэсэг болох соёлын орчин, орон зайг хөгжүүлэх зохицуулалтыг тусгалаа.
  8. Соёлын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг нэмж тусгалаа гэв.

Танилцуулгатай холбогдуулан үг хэлэх, санал гаргах гишүүн байгаагүй ба Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Ажлын хэсгээс 70 гаруй саналын томъёолол гаргасныг зүйл тус бүрээр хэлэлцэж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар бүгд дэмжигдсэн, зарчмын зөрүүтэй санал гаргах УИХ-ын гишүүн байгаагүй болно.

Ийнхүү Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулахаар тогтов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох