Шударга мэдээ
С.Амарсайхан: Наадмыг хойшлуулах хэрэгтэй, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно
Улсын онцгой комиссын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар вакцинжуулалтын явц, дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна. ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөг судалжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ.
Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг Шадар сайд хяналтын байгууллагуудад даалгалаа. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг төрийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна.
Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэв хэмээн Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
