Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нисэх онгоцны шинэ буудал долоодугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долоодугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургаадугаар сарын 15-наас эхэлнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах гэнэ. Эхний нислэгийг долоодугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацаандаа нээлтээ хийхийг сануулж, “Үндэсний их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчдыг ирэх боломжийг нь хангаж өгнө. Вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна. Мөн долдугаар сарын 4-нд онгоцны буудлын нээлт хийнэ гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой санхүүгийн ямар асуудал байна, үүнийг Засгийн газарт оруулаарай” гэсэн юм.

Шинэ нисэх онгоцны буудал 2006 оноос хойш яригдаж эхэлсэн. Ийнхүү 15 жил дуншсан шинэ онгоцны буудал ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орох нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай хамт Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулаарай. Шаардлагатай тохиолдолд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн чөлөөт төв бий болох шаардлагатай. Ажлын байр бий болгож, тээврийн томоохон төвүүд байршиж, төлөвлөлтийг нягт хийгээрэй. Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай ярьж, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Нисэх онгоцны буудлын удирдлагууд бусад орны туршлага дээр үндэслэн Засгийн газарт саналаа боловсруулж өгөөрэй. Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн, 2024 оноос өмнө дуусгах хэрэгтэй. Маршрутыг хувийн хэвшилд тулгуурлаж, хийгээрэй. Тээвэр, логистикийн төв, Улаанбаатар хотод байгаа худалдааны төвүүдийг гаргах эдийн засгийн суурь хөшүүргийг хувийн хэвшилтэй хамтарч хийх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтыг хийгээрэй. Сангийн сайд, Хотын дарга онцгой анхаарч ажиллаарай. Эхэлж  хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд газар олголтын давуу байдал олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод байгаа газрыг солих ажлыг Хотын дарга яаралтай төр, хувийн хэвшлийн түншлэл дээр зөвлөлдөх уулзалт хийж, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруулаарай. Улаанбаатар хотыг тойрсон Их тойруу хурдны замын зургийг Хөшигийн хөндийгөөр дайруулах хэрэгтэй. Улаанбаатар хот руу орохгүйгээр, Хөшигийн хөндий рүү баруун, зүүн талаас нь орж ирэх урсгалыг шийдэх шаардлагатай. Нэг жилийн дотор Хөшигийн хөндийд зөвхөн нисэх онгоцны буудал биш, Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл болон ТЭЗҮ-г гаргаж, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийх хугацаатай үүрэг, даалгавар өгч байна” гэсэн юм.

Үүний дараа Богдхан төмөр зам, Их тойруу хурдны замын Хөшигийн хөндийд тавигдах хэсгийн бэлтгэл ажилтай танилцлаа. Гурван газар цэвэрлэх байгууламж байгуулж, усан сангууд барина гэдгийг албаныхан хэлж байв. Мөн газар чөлөөлөлт хийж, геологийн судалгаа хийх хэрэгтэй байгааг онцолж байлаа. Бохир, дулаан, дэд бүтцийг эхний ээлжид хийж, хэсэгчилсэн төлөвлөлт хийх хэрэгтэй байгаа аж. Ерөнхий сайд “Орон нутгийн иргэд бараа, хүнсээ татах гэж хот руу ордог биш, эндээс бараагаа татдаг болбол хотын түгжрэл тэр хэрээр буурна. Үүнтэй уялдуулж төлөвлөлтөө хийгээрэй” гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох