Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, Нээлттэй сонсгол хийхээр боллоо

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

-КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;

-Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)

-Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе10 цаг 43 минут

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэ...

Шударга мэдээ10 цаг 48 минут

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

Урлаг спорт10 цаг 54 минут

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" кино...

Улстөр нийгэм11 цаг 1 минут

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээр...

Цаг үе11 цаг 5 минут

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард ни...

Цаг үе11 цаг 19 минут

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026...

Цаг үе11 цаг 24 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Улстөр нийгэм11 цаг 28 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Санал болгох