Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил дууслаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймгуудад ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутагт болсон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын нээлтийн ёслолд оролцож байсан билээ. Тэгвэл тус төслийн нээлтийг хийснээс хойш өнөөдөр хоёр жил болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Зүүнбаян өртөөнд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монголчуудын өөрсдөө барьж байгуулсан анхны томоохон бүтээн байгуулалтыг мялааж, сүү өргөв.

Харин төмөр замын эхлэлийн цэг буюу шинээр барьж байгуулсан Цогтцэций өртөөнд ажиллах үеэрээ “Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө Зүүнбаянгаас Цогтцэций сум хүртэлх 416 км төмөр замын шавыг Мандах сумын нутагт тавьж байсан. Өнөөдөр бид ажлуудаа дуусгачихаад “0” цэгээс эхэлж байгаа Цогтцэций өртөөний 120 айлын орон сууцны нээлтэд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэхүү төсөлд оролцсон “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье!

Энэ төмөр зам ашиглалтад орж, төслийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, улмаар Бичигт боомт рүү үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг сэргэж, эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж, говийн баялгийг ашиглах дэд бүтэцтэй болж байгаа юм. Ингэснээрээ Монголын эдийн засаг 3-5 дахин өсөх тооцоо гарсан байгаа. Энэ том ажлын ард гарсан Та бүхэнд дахин баяр хүргэе” гэлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам:

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм.

Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн.

Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.

Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм.

Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой.

Төслийн онцлох тоо, баримт:

  • Газар шорооны ажил: 24.5 сая куб.метр
  • Хамгийн том ухмал: 4 км урт, 16 метр гүн ухмалын ажил
  • Хамгийн өндөр чулуун далан: 1.2 км урт, 15 метр өндөр далан буюу 95-98 хувийн нягтралттай 30 см өндөртэй 50 үе
  • Ус өнгөрүүлэх хоолой: 595 ширхэг
  • Гүүр: 27
  • Хамгийн урт гүүр: 200 метр урт
  • Гарц: 8
  • Чулуу бутлуурын үйлдвэрийн тоо: 6 үйлдвэр
  • Бетон зуурмагийн үйлдвэр: 20 үйлдвэр
  • Дээд бүтцийн балласт: 819,000 куб.метр
  • Нийт машин, техникийн тоо: 4,000 орчим
  • Нийт ажилласан хүний тоо: 10 мянга орчим
  • Хугацаат цэргийн алба хаагчид: 1,000 орчим
 
 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам:

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 63 аж ахуйн нэгж оролцож байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгийг дайран өнгөрөх нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам нь нийтдээ 2 өртөө, 6 зөрлөгтэй байх юм.

Төмөр замын эхлэлийн цэг буюу Тавантолгой өртөөний дэргэд баригдаж буй зогсолтгүйгээр нүүрс тээвэрлэх тойрог замын барилгын ажил 92.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин нүүрс тээвэрлэх тойрог замаас эхэлсэн төмөр замын трассын дагуу 201.2 км дээд бүтцийн барилга угсралтыг дуусгажээ.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төгсгөлийн цэгтээ буюу Монгол Улс-БНХАУ-ын хилд тулж ирснээр хил холболтын асуудлыг шийдвэрлэх асуудал үлдээд байна.

Тус төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэж, жилд 30 сая  тонн коксжих болон эрчим хүчхний нүүрсийг экспортлох боломжтой болно. Ингэснээр Монгол Улс байгалийн баялгаа БНХАУ-ын Хуанхуа, Тяньжин, Чиндао, Жинжоу зэрэг далайн боомтоор дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр гаргаж чадна.

Түүнчлэн дотоодын нүүрс тээврийн зардлыг 4 дахин бууруулахаас гадна бэлчээр сүйтгэх, тоосжилт, чимээ шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасаж, байнгын 2,000 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Тус төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулах юм.

 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 цаг 5 минут

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэ...

Шударга мэдээ13 цаг 9 минут

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

Урлаг спорт13 цаг 16 минут

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" кино...

Улстөр нийгэм13 цаг 23 минут

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээр...

Цаг үе13 цаг 27 минут

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард ни...

Цаг үе13 цаг 41 минут

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026...

Цаг үе13 цаг 46 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Улстөр нийгэм13 цаг 50 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Санал болгох