Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ

Огноо:

,

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Фридрих Эбертийн сантай хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Цахим уулзалтыг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт-тэнцлийг хангах чухал зохицуулалтууд орсон. Иймээс УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар парламентын хяналтын үр нөлөөг сайжруулах, хянан шалгах үйл явцыг зохицуулах, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлуудыг тодорхой болгох ач холбогдолтой” хэмээн онцлоод хоёр талт найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн ХБНГУ-ын Бундестаг болон парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд хамтран ажилладаг Фридрих Эбертийн сангийнханд талархлаа илэрхийллээ.

“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа, Ж.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон Тамгын газрын ажилтнууд, хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн, доктор Фритц Фелгэнтрой, Бундестагийн гишүүн, Бундестагийн Дижитал хөтөлбөр хорооны дарга, “Wirecard”-ын санхүүгийн луйврын хэргийг мөрдөн шалгах түр хорооны гишүүн Йэнс Циммерманн, ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хууль зүйн доктор, профессор Херта Дойблер-Гмелин, ХБНГУ-ын Парламент судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Данни Шиндлэр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож, хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд болон мөрдөн шалгах түр хорооны зохицуулалтын талаарх өөрийн орны туршлагаас хуваалцав.

Бундестаг Засгийн газрын үйл ажиллагаанд олон арга хэлбэрээр хяналт тавьдаг. Үүний нэг хэлбэр нь Хяналтын хороо байгуулах юм. Хяналтын хорооны гишүүд асуулга асуух, бичиг баримттай танилцах, нотлох баримтуудыг судлах, гэрч дуудах гэх мэт арга хэмжээг авч ажилладаг байна. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хяналтын хороог байгуулдаг бөгөөд Бундестагийн гишүүдийн дөрөвний нэгийн саналаар буюу Бундестагийн 630 гишүүний 158 нь дэмжсэн тохиолдолд Хянан шалгах хороог байгуулдаг байна.

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах”-д УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглээд, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад ХБНГУ-ын Элчин сайдын яам, Фридрих Эбертийн сан болон хэлэлцүүлэгт оролцож туршлагаа солилцсон ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, эрдэмтэн судлаачдад талархлаа илэрхийлэв.

Фридрих-Эбертийн сан нь дэлхийн 100 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжих, иргэдэд улс төрийн боловсрол олгох, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн ардчиллын үнэт зүйлд хувь нэмрээ оруулахыг зорьдог байгууллага юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох