Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа сэрээн босгоход чиглүүлэх нь зүйтэй гэв

Огноо:

,

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит  /2021.05.03/ хуралдаанаар
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар;
  • Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийн талаар;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Сангийн сайдын зөвлөх Т.Очирхүү нарын хүмүүс гишүүдэд мэдээлэл өгөв. Гишүүд мэдээллийн дараа асуулт асууж, үг хэллээ. Бүлгийн гишүүд, ирэх оны улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа дэмжих рүү чиглүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. 

Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улсын төсвийн хөрөнгө гэж ярьж байгаа ч ард иргэдийн татварын мөнгө. Тиймээс маш зөв зарцуулах шаардлагатай. Сургуулийн насны 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн суудалтай сургууль барьдаг, аймгийн төвөөсөө зайдуу дэд бүтэцгүй газарт сургууль цэцэрлэг бариад ашиглаж чаддаггүй зэрэг төсвийн хөрөнгө оруулалт, оновчгүй хийгдсэн зүйлс байна. Цаашид үүнийг зөв эрэмблэх, төрийн өмчит компаниудаа хувьчлах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр зам барилга гэхээс илүү иргэдэд ажлын байр, амьжиргаагаа өөд татахад шаардлагатай зүйлд төсвийн хөрөнгө оруулалтаа хандуулмаар байна.  Бас нэг анхаарах зүйл нь татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад компаниуд татварын өр нь хуримтлагдсан. Энэ асуудлыг уян хатан шийдээд явах хэрэгтэй. Төсвийг агуулга талаас бус үр ашиг талаас нь эрэмблэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та бүхний үйл ажиллагааны чиглэл зөв байна. Гэхдээ үлгэр болголгүй зоригтой хэрэгжүүлээрэй. Соёл урлагаар дэмжинэ гэдэг соёлын төв барихыг хэлэхгүй. Боловсролыг сургууль, цэцэрлэгийн барилга байшин босгосноор хэмжихгүй ээ. Одоо иргэдийн амьжиргааг дэмжих л чухал байна. Бодлого, мөнгө хоёр нэг газар байж болохгүйг амьдрал нотоллоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн шинэчлэл хийе гэвэл орон нутагт илүү их эрх мэдэл өгөх хэрэгтэй. Сангийн яам бодлогоо барьж ерөнхий хяналтаа тавиад явах ёстой. Сангийн яаманд баригдаад чөлөөт эдийн засаг, чөлөөт хөгжил боомилогдоод байна. Үр ашиг ярья гэвэл анхан шатандаа шийдвэр гаргах эрхийг өгөх ёстой. Олон хүний гар дамжсаар үр ашиггүй болоод байгааг анхаарах хэрэгтэй гэв.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтэд, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулах, томилох зэрэг хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шүүх хараат бус, улс төрөөс ангид ажиллах ёстой. Гэтэл сонгон шалгаруулах үйл явцад УИХ шууд оролцох нь хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзжээ. Тиймээс Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг дөрөвдүгээр сарын 28-наас түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлттэй гишүүд санал нэгдлээ. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гишүүд энэ талаараа мэдээлэл хийхийн сацуу, Үндэсний аудитын газраас ирсэн бичигт бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, нэгдмэл байдлаар хариу өгөх асуудлыг олонхиороо шийдвэрлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.

Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний  хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.

Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь  авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.

Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.

Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох