Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

НББХ: УИХ-ын гишүүдээс гарсан саналыг үндэслэн УОК, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр тогтов

Огноо:

,

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаа хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан маргааш болно. Коронавируст халдварын дэгдэлт эрчимтэй өсөж буй энэ үед салбарын сайдын мэдээлэл сонсох, тулгамдаж буй бэрхшээлийг арилгах, шаардлагатай бол Байнгын хорооноос Засгийн газар болон Улсын онцгой комисст чиглэл, зөвлөмж хүргүүлэх зорилгоор уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгийг танилцуулав.

Ингээд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

Тэрбээр, Монгол Улсад КОВИД-19 бүртгэгдсэн байдал, нийт шинжилгээн дэх эерэг илрэлтийн эзлэх хувь, хариу арга хэмжээний төлөвлөлт ба стратеги зорилт, салбарын хийгдэж буй ажил, хүн амын вакцинжуулалт, дархлаажуулалтад хамрагдсан байдал, мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг орон нутаг дахь халдварын голомтуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн цалин хөлс олгож буй эсэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хэрхэн хангаж буй талаар тодруулав. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшууллыг олгож байгаа, өнгөрсөн нэг, хоёрдугаар саруудын урамшууллыг бүрэн олгосон, гурав, дөрөвдүгээр сарын олголт 80 хувьтай, мөн эрүүл мэндийн даатгалаас олгож эхлээд байна. Түргэн оношлуурын нийт 200 мянган ширхэгийн татан авалт хийж, орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна гэв.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурч байна гэсэн мэдээллийг ямар үндэслэлээр гаргаж байгаа, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг тодруулж, одоо байгаа ногоон хоёрхон аймгийг бүрэн вакцинжуулах талаар санал хэлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, тархалтын эрчим, тархалтын харьцуулсан судалгааг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллага хийдэг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал их байгаа, өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Шүлсээр оношлох эхний 10,000 оношлуурыг холбогдох газруудад хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, өдөр бүр ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад талархал илэрхийлж, өдөрт нас барж буй өвчтөнүүдийн тоо өсөж буйд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Спутник вакцины нийлүүлэлт ирэх тавдугаар сард хийгдэнэ гэсэн, үүнд тодорхой хариулт авахыг хүсэв. Сайд С.Энхболд, нас баралтын дийлэнх суурь өвчтэй холбоотой, эдгээр хүмүүсийн шинжилгээ батлагдсан бөгөөд манайд задлан шинжилгээ хийх боломжгүй. Спутник вакцины нийлүүлэлт ирэх тавдугаар сард зохион байгуулагдана, тодорхой мэдээллийг Гадаад харилцаа болон Сангийн яам өгнө гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, П.Анужин, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Бейсен нар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалттай холбогдуулан тодруулга авч, тус салбарын сайд, нийт албан хаагчид сайн ажиллаж байгаа гэдгийг онцолж байв. 

Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс тавьсан асуултад нэмэлт тодруулга хийв. Тэрбээр, Ковакс хөтөлбөрийн хүрээнд гэрээнүүд амжилттай хийгдэж, татан авалтын ажил явагдаж байгаа ба одоогоор хүндрэл бэрхшээл байхгүй. Ирэх зургадугаар сарын дундуур гэхэд нийт хүн амын зорилтот бүлгийн 60 хувьд хоёр дахь тунг хийж дуусна. Спутникийн хувьд татан авалт ирэх 7 хоногт хийгдэж эхлэнэ. Үүнд төсөв, хуваарийн зөрүүтэй ойлголт байхгүй гэлээ.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга авч, саналаа хэлсэний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг КОВИД-19 цар тахлын хүнд үед бүх нийтийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналыг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, КОВИД-19 цар тахлын үед нэн шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь бус тодорхой хугацаанд 100 хувь олгодог байх зохицуулалтыг хийх. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.32, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллах, гүйцэтгэлд нь хяналт тавих зэрэг долоон чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр тусгав.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг дагаж мөрдөх журмын талаар тодруулахад Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал нэгэнт хүлээн авсан тул дагаж мөрдөх журмыг боловсруулах шаардлагагүй гэсэн тайлбар хийв.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг тусгасан байна.

1 дүгээр зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.6 дахь хэсэг нэмсүгэй:

“7.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.”

2 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 6.3 дахь хэсгийн “төрүүлсэн эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “хүүхдийн” гэсний дараа “эцэг, эсхүл” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.    

Ингээд зүйл тус бүрийг хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжигдэв. Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох