Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“АН гаднын нөлөөллийн компанитай гэрээ хийсэн” гэх баримтыг дэлгэлээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнөөдөр /2021.04.23 /  “Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар баримт дэлгэж мэдээлэл хийлээ. Тус баримтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг 04 дүгээр сарын 12-ноос 06 дугаар сарын 15-ны өдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусах хүртэлх хугацаанд хэрэгжихээр гэрээлсэн тухай гишүүд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Өчигдөр /2021.04.22 / АНУ-ын Foreign Lobby Report хэмээх Твиттер акаунт дээр   “Монголын Ардчилсан нам АНУ-ын лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр сарын хугацаанд хамтран ажиллах 50 мянган долларын гэрээ байгууллаа” гэдэг мэдээлэл гарсан юм. 2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн үйл явдлаас хойш Монголын улс төрийн гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй аман тохиролцоо явж ирсэн. Үүнд сонгуулийн үеэр улс төрийн намууд гадна, дотны хөрөнгө мөнгө, дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө авахгүй. Сонгуулиа өөрсдөө хийж байхаар тохирсон. Энэхүү тохиролцоо нь тус гэрээгээр эвдэгджээ. Үүнд харамсаж байна. Foreignlobby.com вэб сайттай  Foreign Lobby групп АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оны хуулиар АНУ-д гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол гэрээгээ хавсаргаж бүртгүүлдэг. Мөн хуулийн дагуу АНУ-ын Хуульзүйн яам нь бүртгэдэг юм. Тухайн яамны National Security Division буюу Үндэсний аюулгүй байдлын газрын Сөрөг тагнуулын хэлтсийн хөтөлдөг вэб сайт дээр энэхүү гэрээ гарч ирсэн. Хамгийн ойлгомжгүй зүйл нь УИХ-ын гишүүн Ц.Туваан   “Энэхүү гэрээнд гарын үсэг зураагүй” гэж мэдэгдлээ. Нэгдүгээрт, Ц.Туваан гишүүний өмнөөс хэн гарын үсэг зурав?  Хоёрдугаарт, гэрээний гол зорилго нь ойлгомжгүй байна. Учир нь Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс Монголын ардчилал, Тусгаар тогтнолыг дэмжих гэсэн зорилготой гэсэн нь ойлгомжгүй байна. Үүний учрыг олоход хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтээс туслахыг хүсч байна” гэсэн юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл хийсэн. Тэрбээр   “Foreign Lobby Report нь АНУ-ын лобби байгууллагуудтай хийсэн бүх гэрээг ил болгож, маш олон хууль бус лоббиг илчилдэг байгууллага юм. Тус байгууллагын вэб сайтад Ази болон бусад улс орны авлигын сүлжээтэй холбоотой улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби байгууллагуудыг хөлсөлж хууль зүйн болон бусад дэмжлэг авсан маш олон баримтыг дэлгэж тавьсан байна. Тухайлбал 2021 оны хоёрдугаар сарын 1-нд  “Монголын улс төрч, уул уурхайтай холбоотой авлигын асуудалдаа лобби байгууллага хөлсөллөө” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэрээг ил болгожээ.

Мөн Мьянмар улсад төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхэнд хоёр сая долларын лобби гэрээ хийсэн баримтыг 2021 оны гуравдугаар сарын 9-ны өдөр вэб сайтдаа тавьсан байна.  Гэрээний заалтыг харахад улс төрийн зорилготой гэдэг нь харагдаж байна. Мөн гэрээнд 50 мянган доллараар зогсохгүй тухайн гэрээнд хэвлэл мэдээллийн салбарт хийсэн үйлчилгээний төлөө 100 мянгаас доошгүй төлбөр орж ирвэл түүнийг нэхэмжлэл хүлээж авснаас хойш ажлын гурав хоногийн дотор шилжүүлнэ гэх мэтээр маш их мөнгөн дүн тусгагджээ. Монголын улс төрийн намуудын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллахыг хориглосон байдаг. Гэтэл Ардчилсан намын энэхүү гэрээгээр 50 мянган долларын үйлчилгээ хийлгэхээс гадна, хэвлэл мэдээллийн зардал нь нэмэгдвэл ойролцоогоор 280 мянга орчим долларын гэрээ хийгдэж Монголын ард түмний тархи угаахад энэхүү мөнгийг зарцуулахаар харагдаж байна. Энэ нь улс төрийн болоод тусгаар улсын хувьд Монгол улсын дотоод асуудалд оролцож байгаа хэлбэр учраас санаа зовниж энэхүү мэдээллийг хийж байна. Ардчилсан нам үүнд албан ёсны байр суурь илэрхийлэхийг хүсч байна” гэв.  

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “ УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ асуудлыг мэдэхгүй гэдэг тайлбарыг өгч байгаа. Гэхдээ АНУ-ын Төрийн Департментын албан ёсны гэрээ хэлэлцээр болон лобби компаниудын гэрээ хэлэлцээрийг бүртгэдэг бүртгэлийн системд зөвхөн албан ёсны гэрээ л бүртгэдэг. Иймээс энэ гэрээ бол албан ёсны гэрээ юм. Харин гэрээнд хэн гарын үсэг зурсан бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Дараагийн том асуудал бол бид Монголын Ардчилсан тогтолцоог өөрсдөө хийх ёстой. Сонгуулийн үйл ажиллагаанд гаднаас нөлөөлж болохгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн үеэр ОХУ-аас ийм төрлийн дэмжлэг авсан асуудал хөндөгдөж байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа шалгагдаж байсан түүх бий. Манай улсад мөн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд гадны оролцоо орсон гэх сэжиг байдаг ч нотолж чаддаггүй. Гэтэл Монголын том улс төрийн хүчин энэ асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь Монгол хэмээх тусгаар улсын хувьд Үндэсний аюулгүй байдал, Ардчилалын дархлаатай холбоотой том асуудал хөндөгдөж байна. Иймээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна” гэсэн юм.

 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. 

Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов. 

Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.

Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх,  хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.

Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний  хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.

Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь  авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа. 

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг өсөж буй шалтгаан, урьдчилан сэргийлэх ажил, төрийн албан хаагчдын оролцоо, цахим орчин дахь хууль бус эргэлт, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй тэмцэх чадавх зэрэг асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ энэ төрлийн гэмт хэрэгт төрийн 22 албан хаагч холбогдсон талаар танилцуулсан юм. Тэдний зургаа нь хорих, дөрөв нь зорчих эрхийг хязгаарлах, нэг нь торгох, гурав нь нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах, долоо нь тэнсэн харгалзах ялаар шийтгэгджээ. Мөн хоёр хүн гадаад улсад шалгагдсан байна.

Дэд сайдын мэдээлснээр энэ төрлийн гэмт хэрэг 2002 оноос хойш 150 дахин өссөн бөгөөд үүнийг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байсантай холбон тайлбарлав.

Улсын Их Хурлын гишүүд хуулийн зохицуулалт нь олон салбар дамнасан, үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолж, хар тамхитай тэмцэх бүтэц, чадавхыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, сэрэмжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оролцсон төрийн болон хууль, хүчний байгууллагын албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатайг тэмдэглэлээ.

Ингээд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 41 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох