Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хачигт халдвараас сэргийлье!

Огноо:

,

Хачгийн идэвхжлийн үе ирлээ!
ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ

(Иргэдэд зориулсан зөвлөмж)

Нян,  вирус, эгэл биетний аль нэгнээр халдварлагдсан халдвартай хачиг хүнийг хазаж, өвчин үүсгэгчийг дамжуулж өвчлүүлнэ. Дэлхий дахинд хачгаар дамждаг нийт 28 төрлийн халдвар байдгаас манай орны хувьд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгийн 3 төрлийн халдвар бүртгэгддэг.

Хачигт риккетсиоз өвчин

Энэ өвчний дамжуулагч нь риккетси гэдэг нянгаар халдварлагдсан Дермацентор нуталли  буюу малын хачиг юм. Малын хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархаж, 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэг байдаг. Манай улсын хувьд хаврын улиралд салхи ихтэй байдгаас хачиг салхиар зөөвөрлөгдөн хот суурин газрын иргэдийг ч хазаж өвчлүүлэх тохиолдол байдаг.

ХӨСҮТ-ийн судалгаагаар хачигт риккетсиозоор өвчлөгсөдийн 22.2 хувь нь Улаанбаатар хот орчимд хачигт хазуулсан гэсэн өгүүлэмжтэй байна. Уг халдвар нь манай улсад өргөн тархсан, 21 аймгийн 160 гаруй суманд  бүртгэгддэг. Хачигт риккетсиозоор өвчлөгсөдийн 72.1 хувь нь 4-6 дугаар сард уг халдварт өртсөн байна. Халдвар авсан хүнд хачигт хазуулсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газар үрэвсч, тавших, ойролцоох тунгалгийн булчирхай цочиж, эмзэглэх, биеэр гөвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бэлчээрийн хачиг нь ихэвчлэн хүний толгойн орой, дагзны хэсэгт хазаж, цус сорон шимэгчилдэг. Бага насны хүүхдүүд биедээ орсон хачгийг богино хугацаанд илрүүлэн авч чаддаггүйгээс хачигт халдварт илүүтэй өртдөг. Уг халдвараар өвчлөгсөдийн дийлэнх буюу 44.5 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлдэг.

Хачигт боррелиоз өвчин

Хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг өвчнүүд нь ойн болон тайгын хачгаар дамждаг. Хачигт боррелиоз өвчин нь боррел гэдэг нянгаар үүсгэгддэг, мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.

Манай улсын 10 гаруй аймгийн 52 суманд бүртгэгддэг. Ихэвчлэн уг халдварын байгалийн голомтот газарт оршин суугчид, ажил хөдөлмөр эрхлэгчид халдварт илүүтэй өртдөг. Хачигт хазуулсанаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ойн хачиг ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хазаж, улайлт үүсгэнэ. Өвчлөгсөдийн 40-50 хувьд цагираг хэлбэрийн улайлт илэрдэг.

Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх судас, мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учирдаг. Өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл үр дүн сайн байдаг.  

Хачигт энцефалит өвчин нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг. Уг өвчний дамжуулагч болох 2 зүйлийн хачиг нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, байгалийн голомттой газруудад аялаж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, самар, эмийн ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна. Мөн халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү, цус уух, шүүрхий мах идэх үед хүн халдвар авна. Өвчлөгсөдийн 66.8 хувийг эрэгтэйчүүд эзэлж, өвчлөлийн 62.5 хувь нь 6-8 дугаар сард бүртгэгддэг. Манай улсын 12 аймгийн 45 суманд уг халдвар бүртгэгдсэнээс Булган аймгийн Бугат, Хялганат, Сэлэнгэ аймгийн Бугант, Мандал, Ерөө, Хүдэр, Сүхбаатар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал зэрэг сумдад хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, хүзүү, нуруу, мөчдийн булчингаар хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Улмаар зарим эрхтний саажилт, тэнэгрэл зэрэг хүндрэлүүд илэрч, хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг.

Хачигт халдвараас сэргийлэхийн тулд танд дараах зүйлсийг зөвлөж байна.

1. Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх

2. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях

3. Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгыг гутлын түрүүний дотуур хийх, боломжтой бол хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацаж хэрэглэх

4. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиг дээр эмнэлгийн цэнхэр спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар 45 градусын  налуу өнцгөөр зөөлөн татаж авна. Хачиг хазсан хэсэгт 1 хувийн повидон иодын уусмал (тамедины уусмал)-ыг хөвөнд шингээж, цэвэр боолт хийнэ.

5. Хачигт хазуулсан тохиолдолд сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай тул яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.  

6. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

7. Хачигт халдварын байгалийн голомтот ойн бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах

8. Ямаа, үхрийн түүхий сүү, цус зэргийг уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх

9. Хачигт хазуулсанаас хойш 3-14 хоногийн дотор халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газарт цагираг хэлбэрийн улайлт үүсэх, үрэвсч шархлах, арьсан дээр гөвдрүүт тууралт гарах, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах нь зүйтэй.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох