Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

Огноо:

,

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн шуугиан тариад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хууль бусаар хил зөрчин их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудалд анхаарч ажиллах юм. Тус ажлын хэсэг өнөөдөр ХЗДХЯ-нд шаардлага хүргүүллээ.

Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн албан хаагчид  бол төрийн захиргааны албан хаагчид юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон ҮАБЗ-ийн тухай хуулиар эдгээр хүмүүс гадаад улсад тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль зүйн зохицуулалт байхгүй. ҮАБЗ-ийн үзэл баримтлалыг УИХ-аар баталсны дараа үйл ажиллагаа явуулах хууль журамтай. Гэтэл ямар тусгай чиг үүргээр хил давж их хэмжээний мөнгө олж ирэв гэдэг асуудал дагуулж байна. Энэхүү ноцтой мэдээллүүд ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байна. Бид энэ асуудлаар ТЕГ болон ЦЕГ, АТГ-т   хандсан. 

Мөн Б.Баасанцогт өмгөөлөгч хэрэг төлөвлөдөг, схемдэж зурдаг, захиалга өгдөг. Тэр шүүгчдээрээ дамжуулж ял төлөвлөдөг байсан нь ил болсон. Түүнчлэн шүүхийн байгууллага, хууль хяналтын зарим байгууллагын ажилтан албан хаагчтай хувийн харилцаа тогтоож,  наргиж цэнгэдэг, мөнгө төгрөг авч өгөлцдөг сүлжээ бий болжээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулахаар зорьж байна. Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй, хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж болохгүй. Ардчилсан Монгол Улсад хүнд ял тулгадаг, эрүүдэн шүүдэг, хүнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй.

Тиймээс ХЗДХ-ын сайдад энэ асуудлаар хандаж байна гэлээ.

Ч.Ундрам: “Ариг* банкийг дээрэмдэх схемийг Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютер дээрээс олсон

УИХ-ын гишүүн  Ч.Ундрам: Хувь хүний өмчийг хууль хяналтын байгууллага зохион байгуулалттайгаар дээрэмддэг асуудал яригдаж байна. Тухайлбал, “Ариг* банкийг дээрэмдэх схемийг Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютер дээрээс олсон. Ийм зүйл өнөөдөр байж болохгүй. Тийм учраас ТЕГ, ЦЕГ, АТГ-т   хандсан. Өнөөдөр хариугаа өгөх эцсийн өдөр. ХЗДХЯ чиг үүргийнхээ хувьд энэ асуудалд анхаарч ажиллах ёстой учир албан бичиг өгч байна.

Г.Дамдинням: Олон шударга шүүгчийн хажуугаар тусгай ган хамгаалалттай шүүхийн хонгил бий болжээ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням-Хууль шүүхийн хонгил гэдэг асуудал 2 парламент дамжин яригдаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг баталсан. Хуульд хуулийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хийхийг хориглосон заалтууд орсон. Гэтэл өнөөдрийн байдлаар 50 орчим сая төгрөгийг  11 шүүх, шүүхийн байгууллагын ажилтнуудад системтэйгээр тараасан байгаа юм. Тараасан хүн нь өмгөөлөгч Б.Баасанцогт. ҮАБЗ-д ажилладаг байсан үнэмлэхтэй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хаана  явна, Б.Баасанцогт дагаад явж байдаг. А.Гансүхийг Зам тээврийн сайд байхад Б.Баасанцогт МИАТ-ийн захирал байсан. Дараа нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болоход нь ажилтнаар нь ирсэн байдаг. Байнгын холбоо сүлбээтэй байна. А.Гансүх дарга таньдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ сүлжээнд шүүхийн захиргааны ажилтнууд ч оролцсон байгаа юм. Шүүхийн захиргааны ажилтнууд орж ирсэн өргөдөл гомдлыг аль шүүгчид хуваарилах вэ, хэзээ хийлгэх вэ гэдэг асуудлыг шийддэг хүмүүс. Энэ бүхнээс харахад олон шударга шүүгчийн хажуугаар тусгай “ган* хамгаалалттай шүүхийн хонгил бий болжээ. Монгол Улсын нэрийн өмнөөс ялладаг прокурор хүртэл энэ хонгилд орсон байгаа юм.

Ц.Сандаг-Очир: Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад өнөөдрийг хүртэл  өөрийнхөө томилдог шүүгч нарт хариуцлага тооцохгүй байна вэ

 УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир–УИХ-ын гишүүд хууль баталдаг, хууль санаачилдаг, баталсан хуулийнхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг субъект. Шүүхийн тухай хуульд шүүгч нарын хориглох заалтыг оруулсан. Гэтэл Б.Баасанцогт гэдэг хүн шүүгч нарт мөнгө тараасан байна. Энэ бол авлига байж болзошгүй. Мөн цагаан сарын үеэр Монгол Улсын хилээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний гадаад валют орж ирсэн гэх мэдээлэл байна. ҮАБЗ-ийн ажилчид төрийн захиргааны албан хаагчид. Гэтэл А. Гансүх дарга төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж явсан гэж мэдээлэл хийсэн. Төрийн захиргааны албан хаагчид төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж явах ёсгүй. Энэ ямар учиртай мөнгө орж ирсэн бэ гэдэг асуултын тэмдэг гарч байна. Зорилго нь юу вэ. Мөн Б.Баасанцогтын компьютерээс нэр бүхий улстөрчдийн хэргийг төлөвлөсөн, зураглал олсон. Энэ бол гэмт хэргийн шинжтэй томоохон асуудал. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл яагаад өөрийнхөө томилдог шүүгч нарт хариуцлага тооцохгүй байна вэ гэлээ.

Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шүүгч нарт мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, хэрэг бүртгэл нээн  шалгалтын ажил явагдаж байгаа гэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох