Шударга мэдээ
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжинэ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ. Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын тал үзэглэж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаад байгаа юм.
Ингэснээр Монголын тал өөрийн хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг үүрэг хүлээж буй бөгөөд төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулаад байна.
Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай ахалж, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн орон сууцны корпорац, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл зэрэг бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ.
Уг ажлын хэсэг өчигдөр /2019.8.12/ анхны хуралдаанаа хийж газар чөлөөлөх, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг хэлэлцлээ. Тухайн хэсэгт одоогоор 10 айл газраа чөлөөлөөгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд оршин суугч, иргэдтэй уулзаж, зөвшилцөх замаар газар чөлөөлөх, тухайн өрхүүдийг түр суурьшуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх, дэд бүтцийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах талбайг бэлэн болгож, шуурхайлахыг ажлын хэсгээс үүрэг болголоо.
Ажлын хэсгийн анхны хуралдаан олон асуудлыг шийдвэрлэсэн ажил хэрэгч хуралдаан болсон бол дараагийн хуралдааныг ирэх долоо хоногт хуралдуулах тов гаргалаа.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлээд байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдах юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
