Шударга мэдээ
Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, МАОЭНХ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нарыг оролцуулан 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийн хэрэгжилтийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчид хамрагдахгүй байгаа тул Нийгмийн даатгалын багц хуулийг төсөл батлагдах хүртэл хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй, царцаах хүсэлт гаргалаа.

Энэхүү хүсэлтийг Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог шуурхай хуралдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээлийг судлах, цаашид авч хэрэгжүүлэх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгээс гарсан саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн талууд зохих бэлтгэлийг хангаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ХНХЯ
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Шударга мэдээ
Нөөцийн махны хяналтын тогтолцоог шинэчилнэ
-
Улстөр нийгэм2019/08/01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёс...
-
Үзэл бодол2022/01/07
Нутгийн өөрийн удирдлага мөхөж байна
-
Улстөр нийгэм2020/12/04
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурал боллоо
-
Улстөр нийгэм2025/10/03
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүү...
