Цаг үе
Улс орнуудын сонин хачин хуулиудаас...
Хаана ч явсан инээх ёстой...
Италийн Милан хотод эмнэлэг болон оршуулах ёслолоос бусад газар үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах ёстой гэсэн хууль үйлчилдэг ажээ. Энэ нь магадгүй Милан хот олон гайхалтай газруудтайгаас гадна, жуулчдын хамгийн ихээр очих дуртай хотуудын нэг байдагтай холбоотой биз ээ
Хааны ордонд амьсгал хурааж болохгүй...
"Westminster" ордон нь хааны гэр бүлийн өмч юм. Тэд тус ордонд хааны гэр бүлийн ёсоор амьдарч, тус ёсоор үхдэг байна. Мөн энэхүү ордонд амьсгал хурааж, амьдралаа цэглэх нь тэдний хувьд нэрийн төрийн хэрэг хэмээдэг билээ. Харин "Westminster" ордонд хааны цусан төрлөөс өөр хүмүүс амьсгал хураахыг хориглодог бөгөөд хэрэв хэн нэгэн нас барвал "St. Thomas"-ийн эмнэлэг рүү хүргэж, тэнд нас барсан хэмээн тэмдэглэж үлдээдэг байна.
Гахайндаа "Напалеон" гэж нэр өгч болохгүй...
Францын засгийн газраас гахайдаа агуу их удирдагч болох Наполеоны нэрийг өгч болохгүй гэсэн хатуу хуулийг гаргаж байжээ. Харин бидний сайн мэдэх амтат бялууг Наполеон гэж нэрлэхийг хориглодоггүй аж.
Сайхан биетэй бол нүцгэлж болно...
Италийн Тропеа гэх хотод наран шарлагийн газар нүцгэлэх тухай хачирхалтай хууль байдаг бөгөөд уг хуулинд "Хэрвээ тухайн эмэгтэй тарган, царай муутай бол олон хүн цуглардаг наран шарлагийн газар нүцгэлж болохгүй. Харин эсрэгээрээ гоолиг сайхан биетэйгээс гадна, гоо үзэсгэлэнтэй бол нүцгэлж болно." хэмээн заажээ. Энэ нь залуу эмэгтэй гоо сайхнаа бусдад үзүүлж байгаа хэрэг гэж үздэг байна. Тэгэхээр та уг хотод очиж, наран шарлагийн газар дээрх нүцгэн залуухан охидыг харж болох нь ээ.
Гал гарах үеэр юм идэж болохгүй...
АНУ-ын Чикаго хотод гал гарч буй барилга дотор ямар нэгэн байдлаар юм идэхийг хориглодог ажээ. Тэр тусмаа амттай пицца болон төрөл бүрийн амттан идэхийг зөвшөөрдөггүй юм. Харин энэхүү хуулийг хотын иргэд дуу нэгтэйгээр эсэргүүцдэг байна.
Үхэр маллавал татвар төлнө...
2008 оноос Эстонид үхэр маллахад татвар авдаг болсон бөгөөд энэ нь улс орны байгаль орчныг бохирдуулж байна гэж үзсэнтэй холбоотой юм. Эстонын засгийн газраас ард иргэддээ хандан үхэр нь агаарыг бохирдуулдаг "метан" гэх зүйлийг их хэмжээгээр ялгаруулдаг хэмээн хэлсэн байна. Сонирхолтой нь нохой болон муур тэжээхэд татвар авдаггүй ажээ.
Бохь зажилж болохгүй...
Сингапурт 2004 оноос хойш гудамжинд бохь зажлахыг хатуу хориглох болсон бөгөөд зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээний зориулалттай бохь зажилж болдог байна. Энэ нь хүмүүс гудамж талбайг бохирдуулдагтай холбоотойгоос гадна, зорчигчид метрогоор үйлчлүүлэхдээ хаалганд нь бохь ихээр нааж, хүндрэл учруулдаг байжээ.
Таргалахыг хориглоно...
2009 оноос хойш Японд их хэмжээгээр жин нэмэхийг хоригложээ. 40 насны эрэгтэйн хэвлийн тойрог 79 см байх ёстой бол, эмэгтэй хүнийх 65 см байх ёстой гэж үзсэн байна. Том биетэй сүмо бөхчүүдээрээ алдартай Япончуудын хувьд энэхүү хууль дүрэм нь байж боломгүй мэт санагдаж байж болох юм.
22:00 цагаас хойш 00 орж болохгүй...
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Швейцарт 22:00 цагаас хойш орон сууцанд 00-ын өрөө орохыг хориглодог байна. Энэ нь 00-ын усыг татах үед дуу чимээ гардагтай холбоотой бөгөөд бусдын ая тухыг үгүй хийнэ гэж үздэг ажээ. Харин уг асуудлыг сүүлийн үед сантехникийн шинэ шийдлээр шийдвэрлэх болсон гэнэ.
Хосууд гараа барилцах, үнсэлцэх хориглоно...
Хөгжил дэвшил, хөрөнгө мөнгөний ноён оргил болсон Арабын Нэгдсэн Эмират улсад хосууд гар гараасаа барилцан алхах, үнсэлцэх зэргийг хуулиндаа хориглож, зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг байна. Маш олон жуулчид олон нийтийн газар үнсэлцсэн, тэврэлдсэн зэргээсээ болж цагдаад баригдаж, мөнгөн торгууль төлж, шоронд хоригдож байжээ.
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмж авч яв...
Мэдээж согтууруулах ундаа уусан тохиолдолд машин жолоодож явна гэдэг хуулиас гадуур зүйл билээ. Харин Франц улсад жолооч нарыг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгадаг төхөөрөмжийг заавал авч явахыг шаарддаг байна. Хэрэв хуулийг зөрчиж, төхөөрөмжийг машиндаа авч яваагүй тохиолдолд 11 еврогийн мөнгөн торгууль ногдуулдаг аж.
Тагтаа хооллохыг хориглоно...
АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод тагтаа хооллохыг хориглодог байна. Энэ нь нян бактери тарааж, хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулах үйлдэл гэж үздэг төдийгүй тагтаа хооллож байгаа хүн харагдвал оршин суугчид шууд цагдаа дуудаж, асуудлыг шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдийг баривчлахыг хүсдэг гэнэ.
Хамрын дусаагуур хэрэглэх нь хууль бус...
Харшил хөдөлж, ханиад хүрснээр хамар битүүрсэн үед бид дусаагуур авч хэрэглэдэг бол Япон улсад энэ нь хууль бус хэрэгт тооцогддог байна. Учир нь хамрын дусаалгад "псевдоэфедрин" гэх бодис агуулагддаг бөгөөд үүнийг донтуулах үйлчилгээтэй гэж үздэг тул Япон улсад тус бодисын орцтой бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглодог ажээ.
Хэрвээ та захиалсан хоолондоо цадаагүй бол...
Дани улсад нэгэн өвөрмөц, сонирхолтой хуулийг баримталдаг байх юм. Энэ нь хоолны мөнгөө төлөх, тооцоогоо хийхтэй холбоотой аж. Хэрвээ та захиалсан хоолондоо цадаагүй, өөрт тань таалагдаагүй бол тооцоогоо хийлгүй явж болох бөгөөд танд хэн ч юу ч хэлэхгүй гэнэ.
Цаг үе
COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулжээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээнд ажиллах жолооч нарт зориулсан нэгдсэн сургалтыг Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд зохион байгууллаа.
Сургалтад COP17-ын үеэр автотээврийн үйлчилгээнд ажиллах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, “Зорчигч тээвэр I, II”, “Зорчигч тээвэр III, IV”-ийн нийт 250 орчим жолооч, тээврийн хэрэгслийн зохион байгуулалт хариуцан ажиллах албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын хэмжээний энэхүү арга хэмжээний үеэр гадаадын зочид, төлөөлөгчдөд аюулгүй, шуурхай, соёлтой, мэргэжлийн түвшинд тээврийн үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангах нь сургалтын гол зорилго юм.
Сургалтаар COP17-ын ерөнхий ойлголт, ач холбогдол, зохион байгуулалтын онцлог, зочид, төлөөлөгчдийн ангилал, үйлчилгээний стандарт, жолооч нарын үүрэг хариуцлага, сахилга бат, үйлчилгээний соёл, ёс зүй, мэргэжлийн харилцааны талаар нэгдсэн мэдээлэл өгчээ.
Түүнчлэн зочдыг нисэх буудлаас угтан авах, зочид буудал болон арга хэмжээний байршилд хүргэх үе шат, маршрут, хөдөлгөөний зохион байгуулалт, цагийн менежмент, мэдээлэл дамжуулах журам, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, аюулгүй ажиллагааны чиглэлээр жолооч нарыг сургалт, арга зүйгээр хангаж байна.
Мөн зам тээврийн осол, саатал болон бусад эрсдэл, онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээ, ачаалал ихтэй нөхцөлд тайван, зөв, шуурхай шийдвэр гаргах, өдөр тутмын ажлын бэлэн байдлыг хангах зэрэг практик ур чадварыг сургалтын хөтөлбөрт тусгажээ.
Сургалтыг танилцуулах лекц, асуулт-хариулт, жишээнд суурилсан сургалт, багаар ажиллах дасгал, маршрут болон тээвэрлэлтийн урсгалын зураглалтай танилцах, онцгой нөхцөлд ажиллах дадлага зэрэг онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үеэр COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн тээврийн газар, Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа болон олон улсын арга хэмжээний үеэр жолооч нарын анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Уг сургалт нь COP17-ын үеэр зочид, төлөөлөгчдийн тээврийн үйлчилгээг аюулгүй, шуурхай, зохион байгуулалттай явуулах, үйлчилгээний нэгдсэн стандарт, сахилга хариуцлагыг хэвшүүлэх бэлтгэл ажлын нэг хэсэг гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна
Инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд “Лаг хатаах, шатаах үйлдвэр”-ийг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, нийт 40 мянган ам метр талбайд 2025-2027 онд байгуулахаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гардаг бөгөөд хуримтлагдсан лагийн хэмжээ 843,200 м³-д хүрсэн байна.
Шинээр барих үйлдвэр хоногт 250 м³ лаг боловсруулах хүчин чадалтай. Боловсруулалтын дараа лагийн хэмжээг 5-6 м³ үнс болгон бууруулахаар тооцжээ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд Барилга хөгжлийн төвийн 2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01 дүгээр тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д лаг хатааж, шатаах үйлдвэр барих төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ.
Лаг хатаах, шатаах технологи нь бохир ус цэвэрлэх байгууламжаас гардаг лагийг байгаль орчинд аюулгүй аргаар боловсруулж, эзлэхүүнийг эрс бууруулах зориулалттай. Лагийг өндөр температурт шатааснаар эзлэхүүн нь 90 хүртэл хувиар буурч, бактери, вирус болон бусад өвчин үүсгэгч бичил биетнийг устгах боломжтой.
Түүнчлэн шаталтын явцад үүсэх дулааныг цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болдог. Зарим технологийн хувьд шаталтын дараа үлдэх үнснээс фосфор зэрэг ашигт эрдсийг сэргээн авах боломжтой аж.
Япон, Герман, Швейцар, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улс лаг хатаах, шатаах технологийг ашиглаж байна. Тухайлбал, Германд лаг шатаах үйлдвэрээс гарсан үнснээс фосфор сэргээн авах технологи ашигладаг бол Нидерландад төвлөрсөн лаг боловсруулах үйлдвэрүүдээр дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.
Ийнхүү лаг хатаах, шатаах технологийг лагийн эзлэхүүнийг бууруулахын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх, нөөцийг дахин ашиглах чиглэлээр олон улсад өргөн ашиглаж байна.
Цаг үе
Нийтийн тээврийн Ч:19А чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа
Баянзүрх дүүргийн Монелийн гудамжийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг 2026 оны 08 дугаар сарын 7-ны 23:00 цагаас 2026 оны 08 дугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.
Энэ авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв” чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орж байна.
Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд та бүхэн зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

-
Цаг үе2019/12/27
Хөгжлийн банк засаглалыг сайжруулж муу зээлийн эргэн төлөлтөд анхаарав
-
Цаг үе2025/11/19
Лаг хатааж, шатаах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
-
Шударга мэдээ2020/12/02
Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна
-
Улстөр нийгэм2025/10/24
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
