Улстөр нийгэм
Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан байна. Мөн орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусийн шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын төв, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудад хүлээлгэж өгсөн байна. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа зочид буудлуудын теле камеруудын үзлэг шалгалтыг хийсэн байна. 17 зочид буудалд шалгалт хийснээс есөн зочид буудлаас зөрчил илэрч, зөрчлийг арилгуулах албан шаардлагыг хүргүүлсэн байна. Мөн сайжруулсан түлшний хэрэглээний талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу итгэмжлэгдсэн лабораторид шалгуулах ажлыг зохион байгуулжээ. Шалгалтаар Монгол Улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн, байгаль орчин болон иргэдэд хор хөнөөлтэй химийн элемент илрээгүй гэсэн дүн шинжилгээ гарсан байна.
Үүний дараа Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулга хийлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд төр, захиргааны байгууллагын 62,646 ажилтан, албан хаагчдыг 2021 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, хоёрдугаар ээлжинд халдварын голомтын бүсийн айл, өрхийн шинжилгээг 137 явуулын баг, 73 түр шинжилгээний цэгээр нийт 109,068 иргэнээс шинжилгээ авсан. Гуравдугаар ээлжинд 247,674 шинжилгээг 02 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд есөн дүүрэгт зохион байгуулах хуваарийг гарган ажиллаж байна.
2021 оны 02 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 54,261 иргэн, 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 30,676 иргэн, 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 32,801 иргэн, 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 23,765 иргэн, 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 22,861 иргэн, 02 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 69,264 иргэн, 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Багахангай дүүргийн 945 иргэн, Багануур дүүргийн 6,893 иргэн, Налайх дүүргийн 6,208 иргэнийг тус тус шинжилгээнд хамруулах юм.
2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 15,000 иргэн шинжилгээнд хамрагдахаас 13,026 иргэн хамрагдсан байна.
Шинжилгээнд 3,796 эмч, эмнэлгийн ажилтан, 2,437 бусад төрийн байгууллагын, эргүүл хамгаалалтад 9,389 алба хаагч, нийт 15,622 ажилтан, албан хаагч ажиллаж байна.
02 дугаар сарын 16-ны өдрөөс зах, бөөний худалдааны төвийн үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөж, 02-р сарын 14-15-ны өдрүүдэд төвийн зургаан дүүргийн 18 цэгт дээрх аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Баярын өдрүүдээр яаралтай түргэн тусламжийн 46 автомашин ажилласан. Ачаалал ихэссэн үед таван автомашин нэмж ажиллуулсан” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийн зохицуулалт, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар танилцуулга өгсөн юм. Энэ сарын 16-наас томоохон зах, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй холбогдуулан ажиллах цагийн хуваарийн талаар зах, худалдааны төвийн удирдлагуудтай цахимаар холбогдсон байна. Сар шинийн баярын өдрүүдээр 30 байршилд хэрэглээний ус багассан гэх дуудлага ирсэн байна. Иргэдээс ирсэн гомдлыг тухай бүрд нь шийдсэн байна. Мөн замын халтиргаа гулгааг тухай бүрд нь арилгаж, хог хаягдлыг хуваарийн дагуу ачиж, тээвэрлэсэн байна.
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Р.Дагдан, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх Г.Баярсайхан нарт хотын дарга Д.Сумъяабазар үүрэг, чиглэл өгсөн. Тэрбээр “Улаанбаатар хотыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөлөө одооноос хангах хэрэгтэй. Олон мянган айлын орон сууцны дулааныг даах уу, үгүй юу гэдэг судалгааг хийх ёстой юм” гэлээ.
Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тусгай чиглэлд шилжүүлж, зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэх ажилтан, албан хаагч нарыг зорчуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж байгаа эсэх талаар танилцуулга өгсөн.
02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах чиглэлийг барьж ажиллана. Өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд гарч байгаа бөгөөд нэмэлтээр автобус явуулахыг Хотын дарга үүрэг болголоо. Тухайлбал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Тахилт зэрэг чиглэлд ачаалал нэмэгдэж, хүмүүсийн бөөгнөрөл үүсч байна. Үүнд анхаарч, автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй зохион байгуулахыг анхааруулсан юм.

Мөн холбогдох албаны дарга нарт иргэдтэй харилцах харилцаандаа онцгой анхаарч, харилцааны соёлыг баримтлан ёс зүйтэй ажиллаж, мэдээллийг ойлгомжтой байдлаар түргэн шуурхай хүргэхийг сануулсан юм. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас үүрэг даалгавар өгсөн.
Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг сайтар хангаж, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулгыг бэлтгэж танилцуулах.
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах.
-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах.
-2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-ний батлагдсан хуваарийн дагуу иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар сайтар зохион байгуулах, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажилахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
-
Урлаг спорт2019/10/16
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
-
Улстөр нийгэм2024/07/23
Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо
-
Цаг үе2022/09/02
АТГ: 388 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Улстөр нийгэм2026/05/12
СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
