Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр юм

Огноо:

,

Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас nema.gov.mn сайт эрүүл мэнд, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээллийг хүргэх “Эмч зөвлөж байна” буланг шинээр нээн ажиллуулж байна. Энэ удаа та бүхэнд “Архи уугаад стресс тайлагддаг уу?” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

Стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлийг архи арилгаж чаддаггүй. Сэтгэл зүйн  хувьд архи уух нь өөрийгөө тайвшруулах нэг арга гэж үздэг тал байдаг ч ийм арга хэрэглээд өөрийн сэтгэл зүйн гадаад, дотоод асуудал, стресс бухимдлаа тайлна гэсэн ойлголт биш юм. Хэрвээ стресс бухимдлаа тайлахаар архийг хэрэглэж байгаа бол хэдэн цагийн дараа дахин физиологийн стресст (шарталт, архины хордлого гэх мэт) давхар өртдөг.

Архины үйлдвэрлэл, архидалтаас шалтгаалсан эндэгдэл, өвчлөл, зан үйлийн эмгэг жил ирэх тусам нэмэгдэж архины хамааралд өртөх явдал залуужиж байна. Өөрийн сэтгэл зүйн ямар нэгэн шарх, эмзэглэл, урд тохиолдсон амьдралаа бодон архины хэрэглээг нэмэгдүүлж байгаа бол энэ нь та өөрийгөө хавханд хийхтэй адилхан гэж ойлгож болно.

Маргааш л уухгүй байя гэж хүмүүс хэлдэг. Энэ бол архины хэрэглээний хамгийн ноцтой хэллэгийн нэг бөгөөд нэгэнт зуршил болчихсон байгааг илтгэж байгаа юм. Архины хамаарал нэг хүн, нэг гэр бүл, нэг өрх, нэг албан байгууллагын хэрэг биш болж нийтийн асуудал болон хувирсан. Өөрөөр хэлбэл, нийгэм-сэтгэл зүйн асуудал болоод байна. Нийгэм-сэтгэл зүйн хувьд архины хамааралтай болох хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:

  1. Нийгмийн болон хамтын хүрээлэл байхгүй болсон, нийгмийн ганцаардалд орох, гэр бүлийн харилцаа хэвийн бус болох;
  2. Хэн нэгний шууд хамааралд орох;
  3. Эдийн засгийн асуудалтай, хамааралтай болох;
  4. Хийсэн ажил бүтэлгүйтэх буюу оролдлого хийх бүрт санаанд хүрээгүй байх;
  5. Стресс, сэтгэл тавгүйтэл, сэтгэл түгшүүртэй байх;
  6. Хийсвэр зүйлд хэт итгэх, тэр нь биелээгүй тохиолдолд;
  7. Хэт ачаалал багатай ажиллах буюу зүгээр суух;
  8. Хүний хэлсэн үгнээс буюу харилцааны асуудлаас болж;
  9. Бусад

Нэгэн ухаантны хэлснээр хамгийн асуудалтай, эс бөгөөс бүхий л асуудлаа шийдсэн хүний гол тоглоом нь архи гэжээ. Манай улсад “архи ууж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь өөрт байгаа асуудлаа шийдсэн байгаа бол?  Асуудлаа шийдэх гэж явах замдаа л архины асуудалтай болчихдог.  Дээрх шалтгаануудыг нөхцөлдүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол бие хүний өөртөө итгэлгүй, гутранги байдал юм. Архины асуудал нь бие хүний биеэ авч явах байдал, өөрийгөө хянах чадвар, сэтгэлийн тэнхээтэй ихээхэн холбоотой. Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс л архинд ордог. Архины хамааралтай хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь ямагт доошилж байдаг. Шийдвэр гаргах чадвар буурч, өөрийгөө өмгөөлөх, хамгаалах, бусдыг буруутгах  байдал байнга гаргадаг. Үүнээс болж харилцааны бэрхшээлтэй болно. Өөрөө өөртөө “үгүй” гэж хэлэх чадвар улам буурсаар байдаг.

“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр юм. Архи уугаад стресс тайлагдахгүй! Тиймээс та эрүүл ухаанаар өөрийнхөө амьдралыг, өөрийн байр суурийг эргэцүүлээд сэтгэлийн тэнхээтэй байхыг дахин нэг сануулъя. Харин үүний оронд ажил хөдөлмөртөө илүү их цаг гаргаж үр дүнг нь үзээрэй. Энэ бол сэтгэлийн тэнхээг сэргээж байгаа үйл явц юм.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.

Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна.  Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ. 

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал,  280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн. 

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав.  Япон Улсад  21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Жетро монголд салбараа нээнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 

Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.

 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 

ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ

Огноо:

,

Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.

Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.

Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.

О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох