Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхлаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан,

“Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-аар дэмжигдэн хариуцлагатай албан үүргээ хүлээн авч байгаад баяр хүргэе.

Өнөөдрөөс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж овоглогдоно. Миний хувьд найм дахь Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллаж байна. Таны хувьд, өмнө хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан тул ажил хурдтай явна гэж итгэж байгаа. Таныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд болгох асуудлаар өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцаж, хамтран ажиллах тухай санал солилцож байсан. Бид нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж байсан гэдгийг дурдахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлж ирсэн ажлуудаас танилцуулах нь зүйтэй. 

Жишээ нь, “Салхитын мөнгөний орд”-ын  хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, олон мянган ахмадуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж чадлаа.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, салбарын сайд нь мэдээгүй байхад 100–аас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” орд газрыг геологичидтой хамт илрүүлэн, гурван сарын хугацаанд 18 мянган метр урт өрмийг нь тавьж, 53 тонн алттай нөөцийг тогтоож, Засгийн газарт хүлээлгэж өгснийг энд цохон тэмдэглэе. Энэхүү ордын алтны нөөц цаашдаа 100 тонн орчим болох бөгөөд геологичид маш сайн ажилласан. Энэ нь байгалийн баялгийг 3 сая монголчууддаа хуваарилан өгч болдгийг харуулсан нэг жишээ юм.

Энэ бол 18 мянган метр өрөмдсөн өрөмдлөгийн нэг хэсэг, алт зэсний маш том ордын нэг хэсэг гэсэн үг. Өнөөгийн хүнд цаг үед эдийн засгийг авч гарах бас нэг боломж нь юм. Өрөмдлөгийн үеэр гарсан энэхүү дээжийг хоёр хуваагаад нэг хэсгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгөөд, бид хоёр алтныхаа “доль”-ийг авлаа гэж  инээж ярьж байлаа. Энэ ажлын ТЭЗҮ гурван сарын дундуур бэлэн болох бөгөөд цаашид үргэлжлэх ёстой шүү.

Мөн 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр, ОХУ-аас БНХАУ, Монгол Улсаар дамжин өнгөрүүлж, БНХАУ-ын зах зээл дээр нийлүүлэх хийн хоолойн асуудал дээр эрчимтэй санаачилгатай ажиллахаар болсон. Тухайн оны 12 дугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийх үеэр ажил хэрэг болж,  ТЭЗҮ маш урагштай явж байгааг дурдсан. Яг одоо цар тахал, зуд нүүрлэсэн энэ цагт энэхүү чухал асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв үү гэдгийг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар  маш их ачаалалтай байсан тул хийн хоолойн асуудал хоцрогдох тал анзаарагдлаа. Энэ нь нөгөө талд монголчууд энэ асуудалд хайнга хандаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх вий. Иймээс та ҮАБЗ-ийн гишүүн болж байгаа тул энэ асуудлыг ҮАБЗ дээр авч нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж харж байна.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээсний дагуу өнгөрсөн жил 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох SWOP хэлцлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ нь манай улсын зүгээс энэ хэмжээгээр төлөх байсан төлбөрийн дарамтыг чөлөөлсөн гэсэн үг. Саяхан БНХАУ-ын Элчин сайдтай уулзаж гурван жилийн хэлэлцээрийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр цаашид 20 хүртэлх жилийн хугацаагаар сунгаж өгөх саналыг тавьсан байгаа. Энэ асуудал шийдэгдэхээр цаашид 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө чөлөөлөгдөх юм. Ингэснээр цар тахлын хүнд цагт иргэдээ болон ААН-үүдэд тусалж болох эдийн засгийн боломжийг судалж, бусад улс орнуудад авч  хэрэгжүүлж буй арга хэмжээний жишгээр иргэдээ дэмжих төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ширээн дээр байгааг шинэ Ерөнхий сайд заавал олж танилцаарай. Бид АН, МАН бусад гэж талцах бус харин ард түмнийхээ төлөө хамтдаа ажиллаж байж цар тахлыг даван туулж чадна.

Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хамтдаа дуусгах ёстой. Өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орно гэдэгт итгэж байна.

Та өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Засгийн газар Оюу толгойн ажлын хэсэгт сөрөг хүчнээс болон  УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оруулах талаар дурдлаа.  Оюу толгойн асуудал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд их түшиг болно. Олон нийтийн анхаарлын төвд байгаа Оюу толгойн гэрээний асуудлаар манай зүгээс мөн саналаа өгсөн байгаа.

Таны хувьд жагсаал цуглаан зохион байгуулж байсан, нийгмийн бухимдал ямар байдгийг ойлгодог нэгэн гэж харж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хувьд шинэ Ерөнхий сайд одоо гараад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өлсгөлөнг зогсоох асуудалд анхаарлаа хандуулаарай.

Хамтдаа гурван сая монголчуудынхаа төлөө, элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын төр ганхахгүй бат бөх, Монголын ард түмэн зовохгүй эрүүл саруул байхын төлөө хамтарч ажиллая. Амжилт хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох