Үзэл бодол
С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто замын байгууламж, дэд бүтцэд гарсан хохиролыг тухайн компани төлж барагдуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.

Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автаад байна. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин , аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/167 дугаартай захирамжаар “Талст ширээт” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож байжээ. “Талст ширээт” компанийн архетиктур төлөвлөлтийн даалгавар, нарийвчилсан ажлын зураг нь баталгаажсан боловч барилгыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй барилга барьж байжээ.
“Өнгөрсөн зургаадугаар сард тухайн нутаг дэвсгэрийн хойд талын авто зам, замын байгууламжийн эвдрэлийн нөхцөл байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийсэн. Шалгалтаар их хэмжээний их хэмжээний бороо орсны улмаас гадаргууны болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий гэсэн дүгнэлтийг тухайн байгууллагад өгсөн ч тухайн компанийн удирдлагууд хүлээж аваагүй” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа ярилаа.

“Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг удаа дараа холбогдож сануулсан. “Талст ширээт” компанийн удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй. Авто замын хөгжлийн газраас удаа дараа шаардлагыг тавьж, үерийн ус авто замруу орох нөхцөл байдал үүсэн байна шүү гэдэг дүгнэлтийг өгсөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэлэв.

“Авто зам хөгжлийн газарт үерийн далан гаргах асуудлаар тухайн ярилцаж байсан. Үерийн далан гаргах зураг төсөл бэлэн болж байгаа энд зам дагуух моднуудыг өөр газарт шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мод шилжүүлж өгөөгүйн улмаас бид үерийн далангаа гаргаж чадахгүй байгаа” хэмээн Талст ширээт ХХК”-ний захирал н.Даваадорж тайлбарлав.

“Барилга эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байж, үерийн усны даланг хааж барилга барьчихаад одоо усанд автсан энэ зам талбайг хар. Зөвшөөрөлгүй 10-20 давхар барилга барих болохоороо барьж болдог хирнээ үерийн усны даланг заавал зөвшөөрөлтэй барина гэж болох уу. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайнд хутгаж олон иргэдийг хохироосон хохиролыг танай компани бүрэн төлж барагдуул. Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодизи зураг зүйн хяналтын газрууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо. Өнөөдөртөө багтааж үерийн даланг засаж үерийн усыг зайлуулах ажлыг түргэн шуурхай ажиллахыг” Хотын захирагч С.Амарсайхан үүрэг болголоо.

Түүнчлэн Хотын захирагч Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаазөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож холбогдох байгууллагуудыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.





Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Үзэл бодол
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.
Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.
Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.
Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.
Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.
Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.
Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.
Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.
Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.
Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.
Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.
Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.
Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.
Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.
Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
Үзэл бодол
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,
Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.
Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.
Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750 ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.
Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн.
Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.
Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

-
Улстөр нийгэм2021/03/16
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асууд...
-
Улстөр нийгэм2024/10/01
Тамхины хяналтын тухай хуулийн асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа
-
Улстөр нийгэм2020/01/17
“Саарал жагсаалт”-аас гарах эрх зүйн зохицуулалт хийх хуулийн төслүү...
-
Үзэл бодол2021/04/30
Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно
