Улстөр нийгэм
Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллана
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан энэ сарын 21-ний өдөр Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар талууд хоёр улсын парламентын Тамгын газрын хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо.
Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас батлагдан гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах, холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд уулзалтын үеэр онцлов.

Уг цахим уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Ахлах зөвлөх Ч.Онончимэг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулах чиглэлээр 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.

Улстөр нийгэм
“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хамтарсан сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт явагдсан ба уг сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

Хаалтын ёслолын ажиллагааг “Талын түнш-2026” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ү Юүн Жюнь нар илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол болон үр дүнгийн талаар үг хэлсэн юм.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн бодит алхам боллоо” хэмээн тодотголоо.

Хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцож, өгөгдсөн үүргийг өндөр түвшинд гүйцэтгэсэн хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардууллаа.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.08/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.


Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Ерөнхий сайд “Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль бол Засгийн газрын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” бодлогыг амилуулж биежүүлэх хууль” гэдгийг онцлов.
Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсад бизнес эрхлэхтэй холбоотой харилцааг шууд болон шууд бус хэлбэрээр зохицуулсан 360 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч бизнесийн үйл ажиллагааны явцад төр болон бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах зарчмууд тухайлбал, хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төр, хувийн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөхгүй байх, төрийн оролцоог бууруулах зэрэг суурь зарчмуудыг тусгасан нэгдсэн хууль байхгүй байна.
Энэ төсөл нь хууль зүйн тодорхой байдал, төрийн хариуцлагыг нэмэгдүүлж, захиргааны дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар сайжрах нөхцөлийг бүрдүүлж, бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж буй гол өөрчлөлтүүд нь хөрөнгө оруулагчдаас төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хүлээн авч, судалж, гомдлыг барагдуулах талаар нэгдсэн тогтолцоог бий болгосон байна.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад салбарын хуулиудад оруулсан гол өөрчлөлт нь зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг зөвшөөрөл авах бус мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хялбаршуулах, бизнес эрхлэгчид тавигдах зарим давхардсан болон хүндрэлтэй шаардлагыг бууруулах чиглэлээр зохицуулалт тусгагджээ.

-
Үзэл бодол2023/02/15
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх уулзалтаар ард иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцож ба...
-
Улстөр нийгэм2023/05/05
УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог Д....
-
Цаг үе2020/06/10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Улстөр нийгэм2023/02/24
Банк санхүүгийн академи “Усан бар” жилийн амжилт, ололтоо танилцуулж...
