Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаан 09 цаг 42 минутад 64.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр шийдвэрлэв.

Хуралдаанаар эхлээд 2019.05.03-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн нар ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн чиглэлийн гол хуулиудад оруулсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэн, шинээр байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь үйл ажиллагаагаа явуулж эхний үр дүнг үзсэний дараа сайн төсөл оруулж ирж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Ингээд хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.

Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх  үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана гэж сайд танилцуулгадаа дурьдлаа.

Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, П.Анужин, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, М.Оюунчимэг нар асуулт асууж, асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар хариулт өгөв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан манай улсын иргэд бусад улстай харьцуулахад 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж 3 гурван эмийн 1 нь бүртгэлгүй буюу баталгаатай эсэх нь эргэлзээтэй гэдгийг хэлж, хуулийн төсөлд  малын эмийг хамтад нь зохицуулахаар  оруулж ирсний учрыг тодруулав. УИХ-ын гишүүн С.Ганбаатар эмийн үнийг тогтоох болон, эмийн чанарыг баталгаажуулах хөндлөнгийн механизмын талаар тодрууллаа.  

Дээрх асуултуудад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар хариулахдаа 2005 онд батлагдсан  хуульд малын эм, хүний эм хоёрыг цугт нь зохицуулсан. Олон улсад ч мөн эмэнд тавигдах шаардлагууд нь ижил учраас цугт нь зохицуулдаг.

Шинээр байгуулж буй агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар судалгаа хийж, судалгааны үндсэн дээр тухайн эм хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ гэдгийг тооцоолдог байхаар төлөвлөж байна. Одоо байгаа хууль эмийн үнийг Засгийн газар тогтооно гэсэн ганцхан ерөнхий заалттай учир хэрэгжээгүй. Одоо үнэ тогтоох аргачлалын дагуу гаргаж ирсэн үнийг сайдын тушаалаар эцэслэн баталгаажуулж явна. Эмийн чанартай холбоотой асуудлаар чанарын хяналтын тогтолцоонд шилжиж, эм анх хаана үйлдвэрлэгдсэнээс эхлээд хэрэглэгчид очих хүртэлх тогтолцоонд мөн агентлаг хяналтаа тавина. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнд давхар хяналт тавина гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар эмийн үнэ тогтоох хүмүүс нь эм импортлогчдын сонирхолд үйлчлэхгүй гэх баталгааг хэрхэн хангах, энэ талаарх бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг яаж гаргах талаар нэмж тодруулав.  Энэ асуултад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг төрийн хяналтын байгууллагууд хянана гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ээлжит бус чуулганаар баталсан өөрчлөлтөөр эмийн үнэ тогтоох, чанарыг хянах агентлаг байгуулж, нэгдсэн худалдан авалт хийдэг болох юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ төсөлд зөрчилдөөнтэй асуудлууд орж ирлээ. Нэгдсэн худалдан авалтын талаар нэг ч үг алга. Мэргэжлийн хяналтын байгууллага эмийн чанарыг хянаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ гээд нэгдсэн худалдан авалтыг хэрхэн хийх талаар тодруулсанд  

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хуулийн төслийн зарчим таны хэлсэнтэй дүйцэж байгаа. Зарчимын дагуу нэгдсэн худалдан авалт хийх боломжууд гарч ирнэ гэж бодож байна хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн П.Анужин иргэдээ улам л эмийн хамааралтай болгох асуудлыг ярихаас бус эмийн хамаарлаас гаргах бодлого ярихгүй байна гээд Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтайг тодруулж хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод сүлжээ доголдолтой байдгийг дурьдаад, эмийн жорыг цахимаар бичих бэлтгэл хангагдсан эсэхийг тодруулж хариулт авлаа.  

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагыг ганцхан заалтаас нь харсан. Эмийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой гээд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” гэсэн заалтыг шинэчилсэн найруулгаас яагаад хассаныг тодруулж, хариулт авсан. Дээрх асуултад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар салбарын бодлого дотроо энэ заалтыг оруулсан учраас шинэчилсэн найруулгаас хассан гэх тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дотоодын 47 эмийн үйлдвэр байна. Эм импортолдог 100 гаруй аж ахуйн нэгж бий. Импортлогчдын үйл ажиллагаанд агентлаг  хяналт тавих бол дотоод үйлдвэрийн үйлдвэрлэлийн чанарт яаж хяналт тавих вэ гэдгийг тодруулж хариулт авлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Б.Бейсен, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин,  Ж.Чинбүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудал 8 жил үргэлжилж байгаа нь эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд саад болж буйг тэмдэглээд эмийн чанар, аюулгүй байдал, үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хойш нь татахгүйгээр, ярьж буй бүх зохицуулалтаа хэлэлцүүлгийн явцад тусгаад баталж болно. Санал гаргаж байгаа гишүүд Ажлын хэсэгт орж ажиллаад засаж залруулах шаардлагатай эдгээр зүйлсээ төсөлд тусган, хуулийн төслөө хэлэлцэхийг дэмжээд явъя гэсэн байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн нар салбарын сайд эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогодоо тулгуурлаад өөрийн санасан хэмжээнд сайн төсөл оруулж ирэх байтал маш түүхий төсөл оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн төслийг хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулъя гэсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бейсэн, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар төслийг сайжруулахад чиглэсэн саналуудыг  хэллээ.

Санал хэлсэн гишүүд эмийн чанарт хяналт тавих, үнийг шударгаар тогтоох, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, малын эмийг тусад нь зохицуулах, хөндлөнгийн хяналтын механизмыг хүчтэй ажиллуулах, эм импортлогчдын монополь эрхийг чөлөөлөх зэрэг саналуудыг гаргасан юм.

Ийнхүү хэлэлцээд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох