Цаг үе
Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөгийг хорт хавдар, вирусийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон
Монгол орны мөөг, түүний төрөл зүйл, химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа, мөөгний ач тусын талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Мөнхгэрэлтэй ярилцлаа.
-Мөөг гэж чухам юу вэ. Ургамал уу, хүнсний ногоо юу. Ер нь хэдий үеэс эхэлж судалж, хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ?
-Мөөг гэхээр хүн бүрт танил, мэддэг зүйл сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол бүрэн судлагдаж дуусаагүй, хүнс ч, хоол ч болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Мөөг нь одоогоос ойролцоогоор 1 тэрбум орчим жилийн өмнө эртний архейн галавт үүсч, палеозойн галавын эхнээс органик бодис дээр сапрофит, ургамал амьтан дээр паразит хэлбэрээр тус тус амьдарч байсан болохыг судлаачид тогтоосон байдаг. 1960-аад он хүртэл дэлхийн шинжлэх ухаанд мөөгийг ургамлын аймагт хамруулж доод ургамал гэж үздэг байсан. Харин 1969 онд АНУ-ын эрдэмтэн Роберт Н.Виттакер амьд организмын ангиллын системийг судлан мөөгний хооллох хэлбэр, амьдралын хэлбэр, бүтэц бүрэлдэхүүний онцлогийг харгалзан үзэж анх удаа бие даасан аймаг гэж үзсэн. Бүх амьд организмыг зүйлийн олон янз байдлын эзлэх хувиар нь харьцуулахад мөөгний аймаг нь шавьжийн дараа ордог.
Манай Монголчууд мөөг гэхээр ургамал гэж төсөөлөөд байдаг боловч ургамал ч биш, амьтан ч биш тусдаа аймаг юм. Мөөг, ургамал хоёрын ялгааг авч үзвэл, ургамал нь фотосинтезийн урвалаар органик бодисоос органик бус бодисыг нийлэгжүүлж хооллодог байхад мөөг болон амьтан бэлэн органик бодисоор буюу гетеротроф хооллодог. Тэгэхээр мөөг нь ургамлын үлдэгдэл, амьтны сэг зэмэн дээр амьдарч бэлэн органик бодисоор хооллон амьд биед шимэгчилж амьдардаг гэсэн үг байх нь.
Шинжлэх ухааны талаас нь авч үзвэл мөөгний эсэд хлорофилл байдаггүй учраас органик бус нэгдлээс органик бодисыг нийлэгжүүлдэггүй, бодисын солилцооны дүнд мочевиныг үүсгэдэг, мөөгний эсийн хананд хитин агуулагддаг зэргээрээ амьтантай төстэй байдаг. Мөөгний үржил, хөгжил чийгтэй нөхцөлд илүү явагддагийг бид бүхэн мэднэ. Мөөгийг сүүлийн үед аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хаягдал түүхий эд дээр тарьж ургуулж байгаа бөгөөд энэ нь харьцангуй бага талбайгаас жилийн турш өндөр ургац авах боломжтой экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байна.
-Манай орны мөөг судлал аль түвшинд явагдаж байна?
-Монгол орны дээд мөөгний зүйлийн бүрдлийн судалгааг 1980-аад оноос эхлүүлсэн. Академич Д.Бадгаа, академич Д.Рэгдэл, доктор Г.Уранчимэг, доктор Х.Алтанцэцэг нарыг мөөг судлалын анхдагчид гэж хэлж болох юм. Одоогоор дээрх эрдэмтдийн хамтран зүтгэгчид, шавь нар нь уг судалгааны ажлыг үргэлжлүүлэн манай хүрээлэнгээс гадна, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС болон ХААҮИС-д мөөг судлалын хэд хэдэн судалгааны баг ажиллаж байна. Манай хүрээлэнгийн судлаачдын хувьд Монгол оронд ургадаг малгайт мөөг, модны ур мөөг болон таримал мөөгний хими, фитохими, биологийн идэвхийн харьцуулсан судалгааг хийж тодорхой үр дүнд хүрээд байна. Мөөгөнд микроэлэементүүд их хуримтлагддаг бөгөөд тухайлбал хүний биед зайлшгүй чухал шаардлагатай даралт бууруулах, цус харвалтаас сэргийлэх үйлдэлтэй зүрхний булчингийн хэвийн ажиллагаанд шаардагддаг, мөн эд эсийн дотор усны балансыг тэнцвэржүүлэх болон тархийг хүчилтөрөгчөөр хангахад оролцдог кали, мэдрэлийн болон тархины эд, булчин, элэг, бөөрний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж яс, фермент, даавар үүсэхэд оролцдог биологийн чухал үүрэг бүхий элементүүд зонхилон агуулагддагийг бид судалгаагаар тогтоосон. Манай орны хувьд мөөг судлалын салбар бусад салбарын судалгааны хөгжилтэй харьцуулахад харьцангуй хоцрогдмол байгаа гэж би хэлнэ. Өнөөдрийн байдлаар ШУА-ийн хүрээлэнгүүд, мэргэжлийн их дээд сургуульд мөөгийг дангаар нь судалдаг биеэ даасан лаборатори, нэгж байдаггүй хавсарга судалгаа маягаар л ажиллаж байна. Хэрвээ манай мөөг судлаачид мөөгний хими, фитохими, биологийн идэвхийн судалгааг хийхээс гадна мөөгний гаралтай эмчилгээ-сувиллын бэлдмэл гарган авах, биологийн өндөр ач холбогдол бүхий мөөгийг нутагшуулан тарималжуулах зэрэг ажлуудыг бусад салбарын судлаачид болон хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч хийвэл мөөг судлал манай оронд илүү хурдан хөгжих боломжтой. Энэ чиглэлийн ажил эхлэл шатандаа явагдаж байгаа гэж болно. Жишээлбэл, бид Монголдоо мөөг тариалалтаараа тэргүүлэгч “Мөөжиг Органик” ХХК-ний тариалж, худалдаанд нийлүүлж буй хүнсний мөөгний химийн ерөнхий найрлага, эрдэс бодис, биологийн идэвхийн судалгааг явуулж, хамтран ажиллаж эхлээд байна.
-Та бүхэн Монголд ургаж байгаа байгалийн мөөгнөөс эмчилгээ сувилгаанд хэрэглэж болох эм бэлдмэл, бодис олж илрүүлсэн үү?
-Тиймээ, одоогоор Ойн далбига болон Хээрийн далбига мөөгнөөс биологийн идэвх бүхий 50 гаруй байгалийн нэгдлийн молекулын бүтэц байгууламжийг таньж тодорхойлоод байна. Мөн биологийн идэвх бүхий полисахаридууд, фермент, хоёрдогч метаболитууд агуулагддагийг илрүүлсэн бөгөөд эдгээр нэгдлүүд дархлалын системийг өвөрмөц бус байдлаар өдөөдөг. Мөөгөнд агуулагддаг β-глюкан полисахарид нь глюкозын шимэгдэлтийг дэмжих, бага молекулт тосны хүчил үүсэхийг дэмжих, шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг. Үүнээс гадна зарим төрлийн хорт хавдартай өвчтөнүүдэд эмийн эмчилгээтэй хослуулан хэрэглэхэд дархлааны системийг сэргээж хавдрын эсийн өсөлтийг зогсоодог зэрэг эмчилгээний онцгой ач холбогдолтой. Манай хүрээлэнгийн мөөг судлалын багийнхан хэд хэдэн зүйл мөөгийг судалсны дотор тарималжуулсан Хясаан мөөгнөөс биологийн өндөр ач холбогдолтой глюкан полисахаридыг ялган авсан. Улмаар цаашид биологийн идэвхийг тогтоож хэрэглэгчдэд хүргэх ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Мөөгний ерөнхий найрлагын талаар тодруулж асуух нь зүйтэй болов уу. Ер нь хүний эрүүл мэндэд тустай ямар бодисууд агуулагддаг бол?
-Хүний бие организмын дархлалын болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээж бодисын солилцооны хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг болдог төрөл бүрийн биологийн идэвхт бодис, уураг, нүүрс ус, тос, эрдэс бодис, амин дэмүүд мөөгөнд агуулагддаг учраас хүмүүс мөөгийг хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр ихээхэн хэрэглэдэг болсон. Шинэхэн мөөгний 10 орчим хувийг хуурай бодис эзэлдэг бөгөөд нийт хуурай бодисын 1-6% тос, 5-15% нь үнс, 20-35% нь уураг, амин дэм 1-15мг-ийг, харин үлдсэн хувийг нь нүүрс ус эзэлдэг. Маханд агуулагдах уургийн хэмжээ 14-21% байдаг бол манай орны зэрлэг Далбига мөөгөнд 32%, тарималжуулсан Хясаан мөөгөнд 26%-ийн уураг тус тус агуулагдаж байгаа нь мөөгөн дэх уургийн хэмжээ махныхаас харьцангуй өндөр байгааг илтгэхийн сацуу мөөг бол байгалийн гаралтай уургийн эх үүсвэр болохыг баталж байгаа юм.
-Та мөөгний фитохимийн болон биологийн идэвхийн судалгаагаар химийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна. Докторын судалгааны ажлынхаа талаар яриач?
-Би Ойн далбига (Agaricus silvaticus Schaeff) мөөгний фитохими болон биологийн идэвхийн судалгаагаар 2015 онд Химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Ойн далбига мөөгийг монголчууд эрт дээр үеэс эхлэн уламжлалт анагаах ухаанд чихрийн шижин өвчин, могойд хатгуулах зэрэгт хэрэглэсээр ирсэн байдаг. Гэсэн хэдий ч өмнө нь энэ мөөгний шинжлэх ухааны судалгааг манай оронд хийгээгүй байсан юм. Бид 2010 оноос БНХАУ-ын Ченгдугийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч монгол орны 50 гаруй зүйл ургамал, мөөгний биологийн идэвхийн тандалт судалгааг хийсэн байдаг. Хамтарсан судалгааны дүнд Ойн далбига мөөг нь тэжээллэг бөгөөд холестерол болон өөх тосны хэмжээг бууруулдаг, мутаген, хавдар, вирүсийн эсрэг үйлчлэлтэй интерферон төст идэвх үзүүлдэг болохыг тогтоосон. Бүр тодруулбал, бид энэ мөөгнөөс JAK/STAT уургийн дохио дамжуулалтыг идэвхжүүлдэг интерферон төст идэвхтэй 5α,6α–эпокси-(22E,24R)-эргоста-8(14),22-диен-3β,7α-диол стеролыг ялгаж бүтэц байгууламжийг тогтоосон юм. Тэгээд судалгааны үр дүнд үндэслэн энэхүү мөөгнөөс интерфероныг орлохуйц байгалийн гаралтай эм бэлдмэл үйлдвэрлэх боломж байна гэж дүгнэсэн.
-Сонирхолтой үр дүн гаргажээ. Энэ мөөгний тархалт хэр байдаг вэ?
-Ерөнхийдөө манай оронд элбэг тархсан гэж болно. Энэ мөөг нь ойд ургадаг цагаан мөөг бөгөөд салбан нь шинэ дээрээ ягаан байснаа хөгшрөөд ирэхээр хар хүрэн болдог онцлогтой.
-Мөөгийг буруу аргаар их хэмжээтэй түүж бэлтгэснээс болж түүний нөөц ховордож байгаа талаар яригдах болсон. Тухайлбал олны мэддэг талын цагаан мөөг. Ер нь мөөгийг яаж түүж бэлтгэх талаар зөвлөгөө өгөөч?
-Монголчууд дээр үеэс хүрээний цагаан мөөг буюу талын цагаан мөөгийг л хүнсэндээ хэрэглэдэг байсан. Харин сүүлийн үед ой болон тал хээр ургадаг идэшний олон зүйл мөөгийг хүнсэндээ ихээр хэрэглэх болсон. Гэхдээ аливаа юманд анхаарал болгоомж илүүддэггүй. Хэдийгээр мөөгийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа нь сайхан зүйл ч гэлээ сайн мэдэхгүй, танихгүй мөөг хэрэглэх нь эрсдэлтэй тул мөөгний мэргэжилтэн, ангилал зүйчээр таньж тодорхойлуулан, зөв түүж бэлтгэн хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Мөөгийг огтолж, эсвэл мушгиж сугалж түүх гээд хэд хэдэн арга байдаг. Хүрээгээр, бөөндөө ургадаг болон салбант мөөгнүүдийг огтолж түүдэг бол бүдүүн иштэй, гуурст мөөгнүүдийг мушгиж түүдэг. Манай орны мөөг судлаачид ихэвчлэн хүнсний мөөг түүхдээ малгайнаас доош 1 см орчим хутгаар зүсэж аваад, үлдсэн хэсгийг шороогоор хөнгөн дарж үлдээхийг зөвлөдөг. Үүнээс харахад мөөгийг түүх арга тухайн мөөгний үржил, шинж чанараас бас хамаардаг байх нь л дээ.
-Мөөгийг нутагшуулан тарималжуулдаг аж ахуйн нэгжүүд байдаг гэлээ. Таримал мөөгний хангалт ер нь хэр байдаг вэ?
-Хэдийгээр бид зундаа идэх мөөгөө байгалиас нөөцөлдөг ч гэлээ өнөө үед мөөг тариалдаг хувь хүмүүс, аж ахуйн нэгжийн шинэхэн мөөгийг жилийн дөрвөн улиралд ч хүнсэндээ хэрэглэх боломж гарч байгаа нь сайшаалтай. Энэ нь эргээд байгалийн мөөгний нөөц хамгаалалтанд эерэг нөлөө үзүүлнэ. Манай орны хувьд хэрэглээнийхээ мөөгний 70 гаруй хувийг БНХАУ, БНСУ-аас оруулж ирдэг. Хэрвээ мөөг тариалагч дотоодын жижиг аж ахуйн нэгж, байгууллагууд олширч үйл ажиллагаа нь өргөжвөл импортын хүнсний мөөгний хангалтын хэмжээ тодорхой хувиар буурч, бид ч гэсэн дотоодын органик мөөгөө хүнсэндээ хэрэглэх нь боломж нэмэгдэнэ.
Эх сурвалж: ШУА
Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Шударга мэдээ2023/03/29
Ламбада шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
-
Шударга мэдээ2021/09/14
Герман Улсад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ
-
Цаг үе2024/02/06
Галд өртсөн барилга, байгууламжийн нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-ны дотор...
-
Үзэл бодол2022/01/20
Гэрэлт эрвээхийн нислэгийн замаар...
