Улстөр нийгэм
Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Дорнод аймаг нь 82 мянган хүн амтай, аймгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь үйлчилгээ авах үйлчлүүлэгчдийн тоо өдөрт 800-900 байдаг байна.
94 жилийн түүхтэй бүсийн төв найман алба, 22 тасгийн зохион байгуулалттайгаар 500 ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жилдээ дунджаар амбулаториор 135 мянган удаагийн үзлэг хийж, 12 мянган иргэнийг хэвтүүлэн эмчилж, 11 мянган удаагийн түргэн тусламжийн дуудлагад үйлчилж, 2,300 тохиолдолд мэс засал хийж байгаа талаар эмнэлгийн удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Тухайлбал, дурангийн мэс заслын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж, нийт мэс заслын 28 хувийг эзэлж байна. 2,000 эхэд төрөх тойрны тусламж үзүүлж, эх барихын тусламжид эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа нь тус эмнэлгийн онцлох амжилт юм.



2020 оны эхний хагас жилд Хэнтий, Сүхбаатар аймгуудын 5,190 иргэнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь нийт үйлчлүүлэгчийн 6.5 хувийг, эмнэлэгт 297 хүн хэвтэн эмчлүүлсэн нь 5 хувийг тус тус эзэлж байгаа гэлээ.
Мөн тус төв нь орон нутгийн эмнэлгүүдээс анхдагч болж бүрэн тоноглогдсон хагалгааны вакум өрөө ашиглалтад оруулсан байна. Ингэснээр мэс заслын тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн ажиллах боломж нээгдэж мэс заслын дараах нас баралт, хүндрэл 2 дахин бууруулсан амжилттай ажиллаж байна.
Гэвч тус төвийн барилга 1973 онд баригдсан учраас иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэвийн хүргэхэд хүндрэлтэй болж эхэлсэн талаар эмнэлгийн удирдлага хэлж байна.


Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Баянтүмэн тасгаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.
81 жил тасралтгүй тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа тус тасгаар дамжин хар тугалга, цайрын баяжмал экспортолж, зүүн бүсийн гурван аймгийн хэрэгцээний нефть, нефтийн бүтээгдэхүүнийг импортолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Баянтүмэн тасагт ажиллах үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд Баруун-Урт-Чойбалсан чиглэлд баригдах 205 км төмөр замын төслийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч Баянтүмэн тасгаас хөдөлж, төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд оролцож буй бетон дэр үйлдвэрлэгч “Ган хийц” ХХК-ийн үйлдвэрийн талбайд зочилж, тус компанийн ажилтнуудад ажлын амжилт хүсэв.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллаж, ангийн удирдлагатай уулзсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дорнод аймаг дахь томилолт үргэлжилж байна.
Улстөр нийгэм
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Улстөр нийгэм
Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж буй. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.
Тус замын зорчих хэсгийн өргөн долоон метр, хоёр эгнээтэй байх бөгөөд нэг талдаа явган хүний замтай байна. Энэхүү замыг 2015 онд анх барьсан. 2019 онд засаж сайжруулсан боловч айлууд орц, гарцаа гаргахдаа хоолой тавиагүйгээс шалтгаалан уулын ус зам руу урсаж, ихээр тогтсоноос үүдэн эвдэрчээ.

Энэхүү замыг нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа бөгөөд засварын ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж буй. Замыг шинэчилснээр Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх автозамын хөдөлгөөний нөхцөл сайжирна. Түүнчлэн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдана. Мөн амралтын бүс рүү чиглэсэн зорчилтын хүртээмж нэмэгдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2026 онд нийслэлд 111 км замыг шинээр тавьж, 31 км автозамын засвар, арчлалтыг хийсэн. Зуслангийн хөдөлгөөн багассан энэ үед зуслан орчмын замын засварын ажлуудыг хийж байна. Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамын зорчих хэсгийг 11 дүгээр сарын 10 гэхэд нээнэ. 2027 онд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор торлог зам буюу холбоос замуудыг олноор байгуулна. Тухайлбал, Яармаг, Сэлбэ ухаалаг хот, Зуун айл орчимд торлог замуудыг олноор байгуулж, замын ачааллыг бууруулна. Мөн олон түвшний уулзваруудыг төлөвлөж байна” гэлээ.


Улстөр нийгэм
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Цаг үе2021/06/18
Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эх...
-
Цаг үе2022/04/13
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулна
-
Улстөр нийгэм2022/02/22
Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна
-
Цаг үе2020/10/02
Бага насны хүүхдийн хөгжил хамгааллын талаар зөвлөлдлөө
