Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, хоёр асуудал хэлэлцэв

Огноо:

,

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2020.08.24) хуралдаан 17 цаг 15 минутад гишүүдийн 75 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Корона вирусийн халдварт цар тахал дэлхий нийтийг хамарч, улс орнуудын нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол үзүүлсний улмаас 2020 оны дэлхийн эдийн засаг 4-6 хувиар агшихаар байгаа гэсэн олон улсын байгууллагууд тооцоолсныг дурдав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурчээ. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр буураад байгаа гэв. Гэнэтийн давагдашгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан байна.
    Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталжээ. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой зарим асуудлаар тодруулга хийж, Сангийн сайдаас хариулт, мэдээлэл авлаа. Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
    Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэлд хийсэн аудитын талаар: Монгол Улсын Засгийн газар 2019 онд төсвийн бодлогоо хэрэгжүүлэхдээ цахим, ил тод, үр ашигтай байх зорилгын хүрээнд 7 зорилт дэвшүүлэн ажилласан юм. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламж 12 их наяд 40.3 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс 767.8 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламж 10 их 905.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1 их наяд 23.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 11 их наяд 661.7 тэрбум төгрөгт хүрч, 96.3 хувь буюу 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байгаа нь урсгал зарлагыг 303.6 тэрбум, хөрөнгийн зардлыг 388.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсан байна.  Нэгдсэн төсвийн нийт тэнцлийг 2 их наяд 224.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ нь ДНБ-ий 2 хувьтай тэнцүү ба Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байгаа аж.


    Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар 3 их наяд 205.5 төгрөгийн төсөвт өртөгтэй 1281 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 555.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталснаас 373 төсөл, арга хэмжээ буюу 29.1 хувь нь өмнөх оноос шилжсэн, 908 төсөл арга хэмжээ буюу 70.9 хувийг тайлант онд шинээр хэрэгжүүлэхээр тусгасан байжээ. Тайлант онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46 сургууль, 75 цэцэрлэг, 14 дотуур байр, соёл спортын 42 барилга, 30 эмнэлэг, 63.6 км автозам, 341.7 м урт гүүрэн байгууламж, 2000 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтцийн 39, бусад салбарын 25 барилга байгууламж тус тус ашиглалтад оржээ.
    Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар танилцууллаа. Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харъяа нийт 6542 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зөрчилгүй 47, хязгаарлалттай 8 дүгнэлт өгсөн байна. Аудитаар Улсын Их Хуралд нийт 4 асуудлыг толилуулж, Ерөнхий сайдад 6, Сангийн сайдад 6 зөвлөмжийг тус тус өгсөн гэв.
    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4.2-т төсвийн гүйцэтгэлийн “хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хороод, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд өгөх ба тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг хэлэлцэн нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах” хэмээн заасан байдаг. Энэ дагуу “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар танилцуулав. Бусад Байнгын хорооны санал дүгнэлттэй танилцсанд тооцох шийдвэрийг Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцуулсан.


    Аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж асуулт асуусан. Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын захирал С.Оюунгэрэл хариулахдаа “2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 1253 төсөл, арга хэмжээ батлагдсаны 638 нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу төлөвлөлтийн шаардлага хангасан байх ёстой байснаас 538 нь “29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэсэн шаардлагыг хангаагүй. Тэдгээрийг хавсарлтад жагсаалтаар оруулсан” гэлээ. Иймээс эдгээр төсөл арга хэмжээний хэрэгжилт удаашрах, үр ашиг буурах, өртөг нэмэгдэх, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байх эрсдэлтэй гэж аудитын тайланд дурдсан байна. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох