Улстөр нийгэм
Нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ, Политехник коллежийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.08.04/ ХНХ-ын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Политехник коллежийн удирдлагууд, ХНХЯ-ны мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг МСҮТ-ийн үйл ажиллагааг төрөөс дэмжин, бодлогын хүрээнд төсвийг жил бүр нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар 90-100 тэрбум төгрөг болсон. Гэсэн хэдий ч МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, багш боловсон хүчний чадавх хөдөлмөрийн зах зээл, Монгол Улсын хөгжлийн бодлого, Үйлдвэржилтийн бодлого зэрэгтэй төдийлөн уягдахгүй, хөгжихгүй байна. Иймээс хөгжлийн бодлоготой уяж МСҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг хөгжүүлэх тухай Байнгын хорооны дарга онцолсон юм. УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ирэх 4 жил 150 мянган ажлын байрыг бий болгох тухай тусгагдсан. Үүнийг ажил хэрэг болгохын тулд мэргэжлийн боловсролын салбарт хууль эрхзүйн асуудлыг тодорхой болгох ёстой. Нийгмийн бодлогын байнгын хорооны нэн түрүүний ажил энэ салбар байхыг тодотголоо.
ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа илтгэлдээ Мэргэжлийн боловсролын сургалтын тухай бие даасан хууль 2002 онд батлагдан гарсан. Одоо уг хуулийг шинэчилсэн найруулгын төвшинд өөрчилж чадвал, салбарын хөгжилд саад болоод буй томоохон асуудлууд цэгцрэх ёстойг дурдлаа. Мөн мэргэжлийн боловсролын салбарыг төрөлжүүлэх, бүсчлэн хөгжүүлэх, чанарын баталгаажилтын асуудал, салбар дундын уялдаа холбоог сайжруулахад анхаарах асуудлууд байгааг хэллээ.

Орон нутгийн МСҮТ-ийн удирдлагууд энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй. Нийгмийн бодлогын байнгын хороон нэн түрүүний ажлаа тус салбараас эхлэх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Цаашид бүс нутгийн бодлоготой уяж орон нутгийн иргэдийг ажилтай орлоготой болгох, МСҮТ-ийн санхүүжилтийг зөвхөн төсөв хардаг биш өөрсдийгөө санхүүжүүлэх, үнэлэмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийг хуулиар нээж өгөх тухай саналууд хэлж байлаа. Мөн коронавирусийн халдварын үед гаднаас боловсон хүчин авах боломж хомс байна. Үүнийг боломж болгон МСҮТ, Политехник коллежууд идэвх санаачилгатай ажиллаж ойрын хугацаанд мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, хаана ямар мэргэжилтэн дутагдалтай байгааг яаралтай судлан, ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор төсөв санхүүжилтийн саналыг хэллээ.

Мөн уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан оролцож үг хэллээ. МСҮТ-д насанд хүрээгүй хүүхдүүд элсдэг. Насанд хүрээгүй хүүхдүүдэд боловсрол олгох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь МСҮТ-ийн онцлог. Иймээс ганц мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна гэх утгаар хандах биш хүүхдүүдтэй харьцаж, хүүхэд хүмүүжүүлж байгаа гэх утгаар багш боловсон хүчнийг онцгой анхаарах ёстой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ирэх жилүүдэд газрын тосны үйлдвэр, төмөр зам, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Энэ мега төслүүдэд мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэн нийлүүлэх нэн түрүүний зорилт, үүнд салбар хоорондын уялдаа холбоо чухал болохыг уулзалтын төгсгөлд онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.
Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал. Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.





Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн
“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ.
- Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
- Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
- Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
- Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
- “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
- Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
- Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
- "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
- Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
- Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Улстөр нийгэм
Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.
Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
