Улстөр нийгэм
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдтэй танилц...
Өнөөдөр шинээр томилогдоод байгаа Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг та бүхэнд танилцуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” өргөмжлөлт, бэлтгэл хурандаа цолтой. Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2017 оны 10 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын Шадар сайдаар Янгугийн Содбаатар нь 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургууль, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Даваажанцангийн Сарангэрэл 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 57 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1979 онд Нийслэлийн 57 дугаар сургууль, 1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникум, 1990 онд ЗХУ-ын Ростов хотын Улсын Их сургууль, 2005 онд ОХУ-ын Москвагийн Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн ухааны магистр зэрэгтэй. 1982-1985 онд Монголын радио, телевизийн улсын хорооны харьяа гэрэл зургийн газарт өнгөт зургийн лаборант, 1990-1992 онд Монголын Үндэсний телевизэд сурвалжлагч-редактор, ахлах редактор, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч,1993-2003 онд Монголын үндэсний телевизийн “ММ агентлаг”-т хариуцлагатай редактор, ерөнхий редактор, захирал, 2003-2005 онд “ТВ5” телевизийн ерөнхий захирал, 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 оноос одоог хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүн, 2016-2017 онд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 3. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга, 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Гадаад харилцааны сайдаар Нямцэрэнгийн Энхтайван нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1989 онд Монгол Улсын Политехникийн дээд сургууль, 1993 онд БНХАУ-ын Худалдааны их сургууль, 1998 онд Шинэ Зеланд Улсын Велингтоны их сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургууль, 2006 онд АНУ-ын Стрейрийн их сургуулийг тус тус төгссөн. Хүнсний технологич мэргэжилтэй, эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, III,II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 52 настай. Үндэс угсаа Дөрвөд. Ам бүл 4. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 2 дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгссөн. Төлөвлөгөө, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш,1998-2000 онд Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн бодлогын чадавхийг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2008-2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2011-2012 онд мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 40 настай. Үндэс угсаа Өөлд. Ам бүл 5. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016 оноос одоог хүртэл Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгжавын Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан, 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2018 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Боловсрол, шинжлэх ухааны сайд Лхагвын Цэдэвсүрэн 1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2. 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль, 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 55 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1983 онд Улаанбаатар хотын 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Санктпетербург хотын Төмөр замын дээд сургууль, 1999 онд ОХУ-ын Санктпетербург хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, докторын зэрэгтэй. Л.Халтар нь 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч, 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Соёлын сайдаар Сампилдондовын Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5. 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль, 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой. 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш, 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал, 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1985 онд 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй, Монгол Улсын зөвлөх инженер, докторын зэрэгтэй. Г.Ёндон нь 1991-1998 онд Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдэр, 2007-2009 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Шижир алт үйлдвэрт захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын Баргилт уулын үйлдвэрт ерөнхий инженер, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018 оноос одоог хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 41 настай. Үндэс угсаа Мянгад. Ам бүл 6. 1996 онд Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-д гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-д гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “МТМ” ХХК-д захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль, 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. Н.Тавинбэх нь 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
.jpg)
Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдаар Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4. 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
-
Улстөр нийгэм2019/12/06
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...
-
Шударга мэдээ2025/11/25
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг ...
-
Цаг үе2023/02/17
Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлэ...
-
Цаг үе2024/10/14
Хэмнэлттэй хэрэглээ-Ногоон орон сууц
