Цаг үе
АТГ-аас Сангийн сайдад зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газраас онцгой нөхцөл байдлын үед худалдан авах ажиллагааны болон хандив, тусламжийн хөрөнгийг бүртгэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбоотой арга хэмжээний ил тод, нээлттэй байдлыг хангуулах зорилгоор Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Зөвлөмжийг Сангийн сайдад хүргүүлж, хувийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт илгээлээ.
Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ төрлийн Коронавирусын халдвар (Ковид-19)-аас сэргийлэхэд зориулж Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагуудад сайн дурын үндсэн дээр бэлэн мөнгө, эд материал хандивлах, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэрэг хэлбэрээр дэмжин ажиллаж байгаа талаарх мэдээлэл төрийн байгууллагын цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр тутам цацагдаж байна.
Онцгой нөхцөл байдлын улмаас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх шаардлага эрүүл мэндийн болон холбогдох бусад салбарт зүй ёсоор тулгарч байна. Иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгийн захиран зарцуулалтын байдалд хяналт тавих боломжийг хандивлагч этгээдэд олгох, иргэд олон нийтийг нэгдсэн мэдээллээр хангах, төрийн байгууллага, албан тушаалтныг аливаа эрсдлээс хамгаалах, гарч болзошгүй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг, оролцоо чухал.
Энэ цаг үед тэгш бус байдал үүсэж, шударга ёсны зарчим алдагдах, үнийн хөөрөгдөл бий болох, улсын төсөв, хандив тусламжийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах, завших, гүйцэтгэлд тавих хяналт сулрах зэрэг эрсдлүүд үүсч, авлигын гэмт хэрэг гардаг болохыг олон улсын байгууллагууд анхааруулан зөвлөж байна. Өмнө нь зохион байгуулж байсан өндөр хэмжээний уулзалт, зөвлөгөөний үеэр улсын төсөв, нийслэлийн төсөв, төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгө, зээл, хандив, тусламжийн хөрөнгийг үр дүнгүй, хяналтгүй зарцуулсан, үл хамаарах арга хэмжээг санхүүжүүлсэн, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, уг үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн төсөв баталж мөрдөөгүй, уулзалт, хурлын ач холбогдол, үр дүнг дүгнэсэн баримтгүй байсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байсныг цар тахалтай тэмцэж буй энэ үйл ажиллагааны явцад дахин давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай.
Дээрх дурдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигын эсрэг хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас дараах Зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Зөвлөмж 1. Иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, гадаад улсаас үзүүлж буй хандивын хөрөнгө, үйл ажиллагааны зарлага нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т заасанчлан төсвийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хөрөнгийг бүртгэх, зарцуулах, тайлагнах арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг олгох, үнэн зөв мэдээллээр хангах;
Зөвлөмж 2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хандивтай холбоотой хязгааралтыг зөрчихөөс урьдчилан сэргийлж, нийтийн албан тушаалтан, ялангуяа төрийн жинхэнэ албан хаагчийг аливаа эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагын улмаас хандив, тусламжийн хөрөнгийг зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан авах зохицуулалтыг баримтлах;
Зөвлөмж 3. Онц байдлын үед үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтан, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын болон бусад ажилтан, албан хаагчдыг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжоор хангах, тэдэнд нэмэлт ачаалал үүрүүлэхгүй байх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл ... зэргийг худалдан авах үйл ажиллагааг аль болох мэргэжлийн байгууллага (Сангийн яамны холбогдох нэгж, Төрийн худалдан авах ажиллагааны газар, нутгийн захиргааны байгууллагын худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан нэгж)-аар шуурхай гүйцэтгүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах;
Зөвлөмж 4. Онц байдлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын шинжтэй арга хэмжээний хэрэгжилтийн байдалд тусгайлан анхаарах, иргэд, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн асуудлуудад тухай бүр шийдэл, гарцыг тодорхойлж, шуурхай шийдвэрлэх, олон нийтэд мэдээллийг нээлттэй, дэвшилтэт техник технологийг ашиглаж тогтмол хүргэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх;
Зөвлөмж 5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй нөхцөлд шууд гэрээ байгуулсан этгээд буюу гүйцэтгэгч нь улс төрд нөлөө бүхий этгээд болон түүний хамаарал бүхий этгээд биш байхад онцгойлон анхаарах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх.
Зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Шударга мэдээ2025/10/16
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
-
Үзэл бодол2019/09/30
АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авна
-
Улстөр нийгэм2021/12/10
Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг хэлэлцэж байна
-
Улстөр нийгэм2021/04/14
З.Энхболдын 2019.9.7-ны яриа ба “Эрдэнэт”-ээс үндсэн хууль хүртэл&he...
