Цаг үе
Испанийн хаан асан тэтгэврээ алдсан ч ядуурсангүй
Авлигын хэрэгт сэжиглэгдсэн Испанийн хаан асан Нэгдүгээр Хуан Карлос тэтгэвэргүй болсондоо гомдол гаргаагүй хэдий ч баян хэвээрээ байна. Тэр хаанаас ийм мөнгөтэй болов гэдгийг Дойче Велле мөшгиж үзэв.
Зургадугаар Филипп хаан өөрийн 82 настай эцгээсээ харьцаагаа тасалж байгаа тухай Испани даяар шуугиж байна. Тэрээр авлигын хэрэгт сэжиглэгдсэн хаан асан Хуан Карлосын жил бүрийн тэтгэмж болох 194 мянган еврог цуцалж өв залгамжлалаасаа татгалзжээ. “Хаан асан Хуан Карлос нь 2 тэрбум еврогоос давсан хөрөнгөтэй ба тэтгэвэргүйгээр амьдарч чадах нь тодорхой юм” гэж Форбес сэтгүүлд бичжээ. Харин түүнийг яаж ийм их хэмжээний мөнгөтэй болсон бэ? гэсэн асуулт олон испаничуудын сонирхлыг татаж байна.
2008 онд Саудын Арабаас Швейцарийн Мирабауд банкин дахь Панамын Сан Люсум сангийн дансанд 100 сая доллар шилжүүлсэн бөгөөд тэрхүү сангийн бенефициар буюу эцсийн өмчлөгч нь Хуан Карлос байв. Одоогоор Швейцарийн прокурорын газар энэ мөнгөний гарал үүсэл болон авлигын схемийг тогтоохоор ажиллаж байна. Хаан ширээгээ 2014 онд хүүдээ шилжүүлсэн Испанийн хаан Хуан Карлосын эсрэг албан ёсны ямар нэгэн шалгалт хийгээгүй байна.
Хуан Карлос нь 39 жилийн турш Испани Улсын засгийн эрхэнд байсан. Ер бусын оюун ухаан, сэтгэл татам байдал, хошин шогийн мэдрэмж, хүмүүстэй дотно харьцах чадварыг эзэмшсэн тэрээр орон орны дээд зиндааны хүмүүстэй найрсаг харилцаатай байсан бөгөөд үүний дотор хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн улсуудын дээд зиндааныхан ч мөн багтаж байсан гэж Мадридын их сургуулийн түүхийн профессор Хайме Кабрера өгүүлсэн байна.
Хуан Карлосыг "Испанийн шилдэг дипломатч" гэж нэрлэжээ. Түүхчдийн үзэж байгаагаар тэрээр Испанийн гадаад бодлого, хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд их хувь нэмэр оруулсан байна.
Арабын эрх баригчид болон Хуан Карлос нар онцгой итгэлцлэлийн харилцаатай байсан. Фахд, Абдалла зэрэг хаадууд түүнийг "хайртай ах" хэмээн нэрлэж, хямралын жилүүдэд Испанийг газрын тосоор ханган тэдний зэвсэг, хоол хүнсийг худалдан авдаг байжээ. Хуан Карлос нь Европт саудчуудын эрх ашгийг лоббидож байсан тухай түүхч Кабрера онцолсон.
Испанийн хаан асан Хуан Карлос нь “бүгд найрамдах” үзэлтэй хүмүүсийн ч хүндэтгэлийг хүлээж байсан тухай Мадридын Социологийн судалгааны төвийн ажилтан Серхио Паласио өгүүлсэн байна. Испани Улсыг 1970 аад онд Франкогийн дарангуйллаас ардчилсан засаглалд шилжих явцыг хаан оройлон зохион байгуулжээ. Тэрээр цэрэг армийн дарангуйлагчид, бүс нутгийн салан тусгаарлагчид, зүүн радикалуудын тэмцлийг намжааж ардчиллыг удаан хугацаанд тогтвортой байлгаж чадсан.
Гэхдээ Хуан Карлос нь улс орноо удирдаж байх хугацаандаа амжуулж байсан бизнесүүд нь бүгд хууль ёсных байгаагүй нь тодорхой болсон юм. Тэрээр олон улсын гүйлгээнд зуучлан хувь хүртэж, барилгын төслүүд болон газрын тосны наймаанд оролцож байжээ. Эдгээр үйлдлүүд нь түүний нэр төрд сөргөөр нөлөөлөх учраас олсон мөнгөө оффшорт эсвэл найз нөхдийнхээ нэр дээр хадгалуулдаг байжээ. “Хаан хүн төрийн үйл хэрэгт өөрийгөө зориулах ёстой, бизнес бол хааны хийх зүйл биш” гэсэн үзэл баримтлалаа хаан зөрчсөн гэж социологич Паласио үзэж байна.
Хуан Карлос орлого олох ажлаа нууцаар үргэлжлүүлсээр байсан. Профессор Кабрера үүнийг түүхэн шалтгаанаар тайлбарласан юм. Арваннаймдугаар зуунаас эхэн үеэс Испанийг захирч байсан Бурбон овгийн хаадууд нэг үе хаан ширээнд заларч, нэг хэсэг хаан ширээнээс түлхэгдэн, буусан үедээ хатуу ширүүн амьдрал бүхий цөллөгт илгээгдэх зэргээр ихээхэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байв. Үүнээс гай зовлон, үймээн самуун тохиолдсон үед зориулах үүднээс хураан цуглуулах шунал хүсэл, эрмэлзлэл үүссэн гэж түүхчид үзжээ.
Хуан Карлос ч өөрөө цөлөгдөж байжээ. Залуу насандаа эцэг эхтэйгээ Португалид амьдарч байсан. Түүний аав дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд танилуудаасаа мөнгө гуйдаг байжээ. “Энэ нь Хуан Карлосыг оффшор ашигласан бизнесийн нууцыг зөвтгөхгүй" гэж пофессор Кабрера онцлон тэмдэглэв.
Саудын Арабаас ирсэн мөнгө нь хээл хахууль уу, эсвэл бэлэг үү? Нэг талаас хааны ёс зүйтэй холбоотой асуудал боловч нөгөө талаас эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх авлигын хэрэг юм. Испанийн хэвлэлүүд Швейцарийн банкинд шилжүүлсэн 100 сая долларыг хээл хахууль гэж үзэж байна. Мединагаас Меккагийн хооронд хурдны төмөр зам барих гэрээ байгуулахад зуучилсны хөлсөнд энэ мөнгийн авсан гэж хаан мэдүүлсэн байна.
Өмгөөлөгч Анхель Ибаньес “Энэ мөнгө Саудын Арабын Сангийн яамнаас буюу өөрөөр хэлбэл захиалагчаас шилжин ирсэн тул хээл хахууль биш” гэж мэдэгдэж байгаа юм. Харин хуульчид захиалагч тал зуучилсан этгээдэд хахууль өгөөгүй, харин ажил олж авахын тулд гүйцэтгэгч тал өгдөг гэж баталж байна. Профессор Хайме Кабрера ч үүнтэй санал нэг байгаа, энэ нь “Дорнын өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл болгож Абдалла хаанаас өгсөн бэлэг” гэжээ.
Филипп хаан эцэгтэй нь холбоотой энэ дуулиан шуугиан түүнд өөрт нь нөлөөлж болзошгүй гэж болгоомжлон Швейцарийн мөрдөн байцаалтын шийдвэрийг хүлээлгүйгээр эцгээсээ татгалзахыг хүлээн зөвшөөрчээ. Хаант засаглалыг эсэргүүцэгчид нилээдгүй байдаг Испани Улсын парламент Хуан Карлосын холбогдсон авлигын хэрэгт нотлох баримт байхгүйн улмаас хэлэлцээгүй байна.
Цаг үе
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав.
Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг олон салбарт эерэг нөлөө гарна. Хоёр орны харилцааны хамгийн том баялаг бол хүн. Тиймээс Япон загварын “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер” төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.

Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг олон жил ярьсан, хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн Давхар татварын хэлэлцээрийг 2026 онд эхлүүлэхээр тохиролцлоо. Хөрөнгө оруулагчдад тогтвортой орчин чухал. 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шинэчилнэ. Засгийн газрын “Дөрвөн Чөлөөлөлт”-ийн бодлого хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгааг хэлэв. Тухайлбал, 280 зөвшөөрлийг цахимаар олгож байна. УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан. Гадаадын банк байгуулах эрх зүйн орчин нээлттэй болсон. БНСУ-ын хоёр банк, Унгарын нэг банк сонирхлоо илэрхийлсэн.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ бат бөх суурь бий болгох хүрээнд хөрөнгийн удирдлагын чиглэлээр салбартаа тэргүүлэгч BlackRock компанитай гэрээ байгуулж ажиллаж байна. Төрийн өмчит компаниуд IPO гаргаж, менежментийг олон улсын компани удирдах тогтолцоонд шилжинэ. Ирэх онд 1072 хувьцааг Хөрөнгийн биржид бүртгэснээр иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны үнэлгээ өснө гэж үзэж байна.

Уулзалтын үеэр Японд ажиллаж, амьдарч буй манай иргэдийн санал бодлоо хэлж, Ерөнхий сайд асуултад нь хариулав. Япон Улсад 21 мянга гаруй монгол иргэн байнга оршин сууж байна.







Цаг үе
Жетро монголд салбараа нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.
Цаг үе
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
-
Шударга мэдээ2021/11/22
Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар...
-
Улстөр нийгэм2026/04/21
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2020/01/29
Ерөнхийлөгч Х.Баттулгад Норвегийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд бараалхав
-
Улстөр нийгэм2021/10/13
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай ца...
