Цаг үе
Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулна
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүенийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал өнгөрсөн арван хоёрдугаар сард болж Монгол Улс "Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай" тогтоолыг санаачилж, Норвеги, Гана, Албани улстай хамтран зохиогчоор оролцсон.
Энэхүү тогтоолыг 2026-2027 онд хэрэгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2026 оны 220 дугаар тогтоолоор баталсан. Төлөвлөгөөний дагуу Сонгуулийн ерөнхий хороо "Нээлттэй нийгэм форум"-тай хамтран ирэх есдүгээр сарын 22-24-ний өдөр олон улсын дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Олон улсын дугуй ширээний уулзалт нь улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын шинэчлэлийн хэрэгжилтийг ахиулах зорилгоор хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг хангах практикийг сайжруулах, институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, эрсдэлд суурилсан арга хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ. Үүнийг хэрэгжүүлэхдээ практик туршлага бүхий мэргэжилтэн, хяналтын байгууллага, бодлого боловсруулагч, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын шинжээчдийн харилцан туршлага солилцоог дэмжинэ.
Тус арга хэмжээ нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын 11/7 дугаар тогтоолыг бодитой хэрэгжүүлэх практик арга замуудыг хэлэлцэх, цаашдын олон улсын удирдамж болон хэрэгжилтийн хэрэгслүүдийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх талбар болохын зэрэгцээ Азийн шинэчлэлд чиглэсэн улс орнуудыг бодит алхам хийхэд сайн туршлага болох ач холбогдолтой.
Уг арга хэмжээг зохион байгуулахад Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/, Транспэрэнс Интернэшнл, Нээлттэй засгийн түншлэл /Open government partnership/ зэрэг олон улсын байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, Австрали, Канад, Норвеги, Англи, Япон, Молдав, Индонез, Өмнөд Африк, Өмнөд Солонгос зэрэг 20 гаруй улс оролцох юм.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ыг уг арга хэмжээнд оролцохыг урьж, санал солилцсон юм. UNODC-ны Монгол дахь суурин төлөөлөгч Лонг Дук Нгүен Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын тогтоолын ач холбогдлыг онцлоод олон улсын уулзалтад оролцохоо илэрхийллээ.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, гадаад харилцаа хариуцсан референт Б.Уянга болон "Нээлттэй нийгэм форум"-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг нар оролцов.
Цаг үе
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
Цаг үе
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.



-
Цаг үе2026/06/09
Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө
-
Шударга мэдээ2022/12/09
Нийслэлийн прокурорын газраас нүүрстэй холбоотой хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн ...
-
Улстөр нийгэм2021/05/10
Зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байна
-
Улстөр нийгэм2020/07/24
Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа
