Цаг үе
Москва хотод оршин суугаа оюутан залуучуудын анхааралд
Москва хот болон Москва мужийн нийт оршин суугчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд өөрийгөө тусгаарлах гэрийн дэглэмд шилжиж байна. Энэхүү дэглэмийн хүрээнд Москва хотын оршин суугчдад зөвхөн дараах тохиолдолд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.
Үүнд,
• эмнэлгийн яаралтай тусламж авах болон амь нас, эрүүл мэндэд нь шууд аюул тулгарсан бусад нөхцөлд,
• ажлын байрандаа байх үүрэг хүлээсэн бол ажилдаа ирж, очих,
• гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүр, эмийн сангаас хэрэгцээт зүйлээ худалдан авах,
• гэрийн тэжээвэр амьтдыг оршин суугаа газраасаа 100 метрийн зайн дотор салхилуулах,
• ахуйн хог хаях зэрэг тохиолдолд гэрээсээ гарч болох юм байна.
Түүнчлэн ойрын өдрүүдэд зөвхөн тусгай үнэмлэхтэй оршин суугчид гэрээсээ гарах зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү горимыг тогтоосон баримт бичиг батлагдсан даруйд хэрэгжих юм байна.
Иймд Москва хотод оршин суугаа Оюутан залуучууд Та бүхэнд,
• сургууль, дотуур байрны захиргаанаас шинэ дэглэм, зохицуулалтын талаарх баримт бичгийг албан ёсоор танилцуулах, холбогдох удирдамж, зааварчилгаа өгөхөөс өмнө дотуур байрнаасаа гарахгүй байх,
• зөвхөн дээр тэмдэглэсэн тохиолдолд дотуур байрнаасаа гарах, чингэхдээ бичиг баримт, гар утсаа байнга биедээ авч явах,
• Москва хотод өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан гаргасан бусад хязгаарлалт, зохицуулалтыг чанд мөрдөх,
• нөхцөл байдал болон хотын засаг, захиргаанаас гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны, эсвэл найдвартай эх сурвалжаас авах,
• нийгмийн сүлжээн дэх бодит нөхцөл байдал, хотын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэвэргэсэн болон зохиомол бусад мэдээ мэдээлэлд автахгүй байж асуудалд хүлээцтэй, тайван хандах,
• дотуур байрандаа ч өөр өрөөнд зочлохгүй байх,
• уртасгасан чөлөөт цаг гарч буйг ашиглан хичээл номоо сайтар давтахыг тус тус зөвлөж байна.
Жич: Хэрэв яаралтай дэмжлэг, тусламж, зөвлөмж авах нөхцөл байдал үүсвэл Элчин сайдын яам, консулын хэлтсийн +7 916 213 3247, +7 499 241 1548, +7 495 690 6792 тоот утсанд хандана уу.
МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Цаг үе2019/07/16
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Үзэл бодол2025/04/28
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг...
-
Улстөр нийгэм2021/10/19
Гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөө, картыг шинэчлэн боловсрууллаа
-
Үзэл бодол2019/09/19
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
